Ж.Байден, Ши Жиньпин нарын уулзалтад бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-28 10:45:51

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 28 /Reuters/. Хоёр тал ирэх сард болох Ерөнхийлөгч Жо Байден, Хятадын удирдагч Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтад бэлтгэхийн тулд хамтран ажиллана гэж АНУ-ын албаны хүмүүс баасан гарагт мэдэгдлээ.


Вашингтон хотноо болсон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ба АНУ-ын дипломатчдын уулзалтын дараа энэ мэдэгдлийг хийжээ.


Хятадын Гадаад хэргийн сайдын 2018 оноос хойш анх удаа Вашингтонд хийж буй айлчлалын үеэр сайд Ван И АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентай уулзсан бөгөөд уулзалт нэг цаг үргэлжилжээ. Энэхүү уулзалт нь геополитикийн бодлогын хувьд нэлээд зөрүүтэй өрсөлдөгч хоёр орны харилцааг нээлттэй болгох боломж мөн гэж Цагаан ордон тодорхойллоо.


Мөн Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нартай пүрэв, баасан гаргуудад уулзах үеэрээ "нарийн ширийн асуудлыг илэн далангүй хэлэлцсэн" ба уулзалтууд нийт есөн цаг үргэлжилсэн гэдгийг Америкийн албаны хүмүүс хэллээ.


Уулзалтын үеэр  Вашингтоны санаа зовоож буй асуудлууд болох  “цэргийн холбоо барих сувгуудыг сэргээх, Зүүн тэнгис ба Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдал, Тайванийн асуудал, хүний эрх, фентанилын бэлдмэлийн асуудал болон Хятадад хоригдож буй АНУ-ын иргэдтэй холбоотой хэрэг зэргийг хөндсөн байна. 


Түүнчлэн Энтони Блинкен, Ван И нар Ойрхи Дорнодод дэгдсэн мөргөлдөөний талаар "илэн далангүй" санал солилцжээ.


Мөн ирэх сард Сан-Францискод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын үеэр болох Жо Байден, Ши Жиньпин нарын уулзалтад анхаарлаа хандуулжээ.


"Бид энэ уулзалтад бэлдэж байгаа" гэж нэрээ нууцлахыг хүссэн албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. "Мэдээжийн хэрэг, Хятадын удирдагчид айлчлал хийхийнхээ өмнө энэ талаар олон нийтэд мэдэгддэг. Тиймээс Хятадын тал мэдэгдэл хийхийг хүлээсэн нь дээр байх" гэж албаны хүн Рейтерс агентлагт мэдээлсэн аж.


Ши Жиньпинтэй шууд уулзаж ярилцах нь хурцадмал байдлыг намжаах, тэр дундаа эдийн засгийн өрсөлдөөн болон бусад олон асуудлаарх санал зөрөлдөөн гүнзгийрэхээс урьдчилан сэргийлэхэд  онцгой ач холбогдолтой гэж Ж.Байдены засаг захиргаа үзэж байгаа  юм.

 



相关新闻