Д.Трамп, В.Путин нар зургаан жилийн дараа уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-16 10:32:13

АНКОРИЖ, 2025 оны наймдугаар сарын 16 /ВВС/. АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт 2021 оноос хойш анх удаагаа АНУ-ын Аляск муж улсад болж, Д.Трамп, В.Путин нар Украины хямралыг энхийн замаар зохицуулах асуудлыг голчлон хэлэлцлээ.


Өмнө нь тэд 2019 онд уулзаж байсан юм. 


Д.Трамп нислэгийн талбайд байрлуулсан улаан хивсэн дээр Оросын удирдагчийг угтан авав. Тэрбээр Аляскийн Анкориж хотод Путинээс түрүүлж ирээд онгоцондоо хүлээж байсан бөгөөд эхлээд Трамп, дараа нь Путин онгоцноос бууж ирээд бие биенийхээ гарыг барин мэндчиллээ.


Ингээд хоёр ерөнхийлөгчийн уулзалт орон нутгийн цагаар 11:32 цагт эхэлж, хоёр цаг 45 минутын турш үргэлжлэв. Уулзалт 3:3 хэлбэрээр болж, Оросын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаков, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф нар оролцлоо. Анх төлөвснөөр бол хоёр улсын төрийн тэргүүн нар зөвхөн орчуулагчдыг байлцуулан ганцаарчилсан уулзалт хийх байв.


Аляск руу нисэх замдаа Д.Трамп телевизийн Fox News сувгийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “би Украины өмнөөс хэлэлцээ хийхгүй, хэлэлцээр байгуулахгүй, гэхдээ Путинтэй хийх дараагийн уулзалтын суурийг тавьж, түүнд Украины Ерөнхийлөгчийг оролцуулахыг хүсэж байна” гэлээ. 


Тодруулга: 

  • Хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сард Путин, Трамп нар Хельсинки хотод албан ёсоор дээд хэмжээний уулзалт хийсэн нь 2 цаг гаруй үргэлжилжээ.
  • Мөн 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахдаа ердөө 15 минут ярилцсан байна.
  • Хамгийн сүүлд тэд 2019 оны 6 дугаар сарын 28-нд Осака хотод болсон G20 бүлгийн саммитын үеэр уулзаж, 1 цаг 20 минутын турш ярилцжээ.
  • Мөн 2021 оны 8 дугаар сарын 16-нд В.Путин Женев хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан бөгөөд уулзалт 3 цаг хагасын турш үргэлжилсэн байна. 
相关新闻