ДУНДГОВЬ: "Ид шидийн орон" хүүхэд, хөгжил, хамгааллын төвийн нэг жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь “Ид шидийн
орон” хүүхэд хөгжил, хамгааллын төвөөс нэг жилийн ойг тохиолдуулан насанд хүрэгчдэд зориулан “Мартахгүй, давтахгүй” үзэсгэлэн нээж, цэцэрлэг, сургуулийн сурагчдад мэдлэг олгох өдөрлөг зохион
байгуулж байна.
“Мартахгүй, давтахгүй” үзэсгэлэн “хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүний үндсэн суурь эрхийн зөрчлүүд"-ийн эсрэг холбогдох төрийн байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагч болон олон нийтийг уриалж, урьдчилан сэргийлэх зорилготой юм.
“Ид шидийн орон-Дундговь” хүүхэд, хөгжил, хамгааллын төвийг 2022 онд иргэд, байгууллагууд, хүүхдийн төлөө гэсэн
сэтгэлтэй хүн бүрийн дэмжлэгээр барьж, мөн оны 10 дугаар сард нээлтээ хийж, нэг жилийн хугацаанд хүүхэд хөгжил, хамгааллын олон үйл ажиллагааг зохион байгуулж,
18177 хүүхдийг хамруулжээ.
Тодруулбал, хүүхэд хөгжүүлэх
19 төрлийн сургалтад 1300, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд 264, номын
клубт 170, номын баяр, шинэ жил, хүүхдийн баяр, хичээлийн шинэ жилийн баяр
болон бусад үйл ажиллагаанд 7900 гаруй хүүхдийг хамруулсан бөгөөд тус төвийн
номын сангаар 8540 хүүхэд үйлчлүүлжээ.
Нэг жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага анги, дунд, ахлах ангийн сурагчдын дунд өдөрлөг зохион байгуулж, нас насны онцлогт тохирсон ажлуудыг мөн зохион байгуулж байна.
Энэ тухай Ид шидийн орны хөгжлийн менежер Н.Урансайханаас
тодруулахад “Ид шидийн орон хүүхэд, хөгжил, хамгааллын төв маань үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудад хөгжлөөр
дамжуулан хамгааллын үйл ажиллагаа явуулаад нэг жил болжээ.
Энэ хугацаанд маш их ажлыг амжуулсан байна. Нэг жилийн ойг баяр гэхээс илүүтэй бүх насныханд мэдээлэл өгсөн, мэдлэг олгосон, хүчирхийллийн эсрэг уриалсан нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөөд хэрэгжүүлж байна. Тухайлбал, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд Ид шидийн орныг танилцуулж, сургамжит үлгэрүүд, “Миний биеийн аюулгүй байдал” “Яаралтай тусламжийн утсаа мэдэцгээе” сэдвээр насных нь онцлогт тохирсон өртөөчилсөн, үзүүлэх сургалт байдлаар мэдлэг олголоо.
Бага ангийн сурагчид болон дунд,
ахлах ангийн сурагчдын өдөрлөгөөр мөн Ид шидийн орныг танилцуулж, “Миний биеийн
аюулгүй байдал” “Яаралтай тусламжийн утсаа мэдэцгээе” сургалтыг мөн хийсэн
бөгөөд шагай, шатар, даам, корн холл, дээс зэрэг уралдаан тэмцээн зохион
байгуулж, “Оpen mic” ажиллуулсан.
Харин төрийн албан хаагчид, эцэг, асран хамгаалагчдын өдөрлөг, нөлөөллийн үйл ажиллагаа үргэлжилж байна. “Мартахгүй, давтахгүй” үзэсгэлэнгээ гаргаж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэж, насанд хүрэгчдэд хүн байхыг уриалж байгаа юм. Мөн гэр бүлүүдэд зориулсан өдөрлөг зохион байгуулна, зорин ирэх гэр бүлүүдэд нээлттэй” гэлээ.