БУЛГАН: "Airag Day” өдөрлөгөөр иргэд хагас тэрбум төгрөгийн орлого олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил, Булган аймаг “Аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Намрын ногоон өдрүүд“ намрын нээлттэй үйл ажиллагааг Улаанбаатар хотноо 2023 оны 10 дугаар сарын 13-14-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Энэ өдрүүдэд Булган аймгийн 16 сум, 1 тосгоноос хүрэлцэн ирсэн 70 гаруй иргэн намрын шинэ ургац, айраг, цагаан идээ, жимс жимсгэнэ, Тэшиг сумын буриад талх, масло, ааруул хурууд зэрэг бүхий л эко бүтээгдэхүүнээ ченжийн гар дамжуулалгүй нийслэлийнхэнд хүргэж, нийт 55 тн гаруй айраг, бүтээгдэхүүнээ борлуулан 500 гаруй сая төгрөг буюу хагас тэрбум төгрөгийн орлого олжээ.
Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны
хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, соёлын аялал жуулчлалыг
хөгжүүлэх хүрээнд "Airag Day” намрын үзэсгэлэн худалдааг жил бүр Улаанбаатар хотод аймгийн
жижиг, дунд үйлдвэрлэгч болон ногоочид, малчдын борлуулалтыг дэмжиж, нийслэлийн
хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, айраг цагаан идээгээр хангах, хүнсний
нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой" хэмээн аймгийн удирдлагууд онцоллоо.