ДУНДГОВЬ: Г.Хурмандах: Хүүхдийн эрх зөрчих зөрчлийг бууруулахад хамтын ажиллагаа чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-13 17:31:25
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрх, хүүхдийн эрхийн зөрчих зөрчил, түүний шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай тодруулахаар Дундговь аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Хурмандахтай ярилцлаа.


-Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач, ямар ажил алба хашдэг вэ?  

-Дундговь аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажилладаг.

Аймгийн хэмжээнд нийт 17 эрх бүхий байгууллагын 200 гаруй эрх бүхий албан тушаалтан, тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.


-Тантай өнөөдөр хүүхдийн эрх зөрчих зөрчлийн тухай ярилцах гэсэн юм. Юуны түрүүнд хүүхдийн эрхийн талаар болон манай улсад хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалдаг талаар тодорхой ойлголтууд өгөөч?

-Юуны түрүүнд энэ талаар ярилцахаасаа өмнө “хүүхэд гэж хэн бэ?” гэдэг тодорхойлолтоос эхэлье. “НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенц”-д зааснаар 18 нас хүртэлх бүх хүнийг хүүхэд гэдэг. Хүүхдийн эрх гэдэг маань Монгол Улсын хуульд зааснаар “хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, хүүхдийн хөгжих эрх, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх” юм. Хүн болж төрсөн хэн бүхэн төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой. 


Мөн хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөл байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаар батлан гаргасан хууль, холбогдох дүрэм журмуудаар хүүхдийн эрхийг хамгаалдаг.


-2023 онд танай Прокурорын газраас хүүхдийн эрх зөрчих зөрчил болон гэмт хэргийн талаар судалгаа, шинжилгээ хийсэн үү?

-2022 он, 2023 оны эхний 9 дүгээр сарын байдлаар хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн талаар судалгаа хийсэн. Тухайлбал, 2023 оны эхний 9 сард аймгийн Прокурорын газар нийтдээ 1389 гэмт хэрэг, зөрчлийн  гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан байна. 


Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд заасан “хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил үйлдсэн гэж иргэдээс 19 зөрчлийн гомдол, мэдээлэл ирж, түүнд хяналт тавьж ажилласан.


-2022 онд болон энэ оны эхний 9 сард гарсан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг яаж шийдвэрлэсэн бэ, энэ тухай мэдээлэл өгөх боломжтой юу?

-2022 онд хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 11 гарсан бөгөөд буруутай холбогдогч этгээдэд зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Харин 2023 оны эхний 9 сарын байдлаар хүүхдийн эрхийг зөрчсөн 19 гомдол, мэдээллээс хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэн 11 холбогдогчид шийтгэл оногдуулсан бол үлдсэн 8 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг шүүхэд шилжүүлэн 7-30 хоногийн хугацаагаар баривчилж, албадан сургалтад хамруулсан байна.


Тухайн шийтгэл оногдуулсан хэрэг, материалыг зүйл ангиар нь авч үзвэл, зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт “хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол” гэх зөрчилд шийтгэл оногдуулсан нэг, 6 дахь хэсэг буюу “тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол” гэх зөрчилд шийтгэл оногдуулсан хоёр, 7 дахь хэсэг буюу “хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэх зөрчилд 16 зөрчилд шийтгэл оногдуулсан байна.


-Аймгийн Прокурорын газраас хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлууд зохион байгуулдаг байх. Энэ тухай танилцуулах уу?  

-Аймгийн Прокурорын газраас 2023 оны эхний 9 сарын байдлаар Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж, мөн сургуулийн захиргаанд дээрх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах тухай прокурорын 5 мэдэгдэл бичиж, биелэлтийг тооцон ажилласан.


Давхардсан тоогоор сургуулийн 1000 гаруй сурагчид Хяналтын прокурор М.Үрэлцэцэгтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослоос урьчилан сэргийлэх  чиглэл”-ээр тус тус сургалтуудыг хийсэн.


-Прокурорын газар хүүхдийн эрхийг зөрчих зөрчлөөс гадна хүний эрхийг хамгаалах мөн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажилладаг. Энэ чиглэлээр ямар ажил хийсэн бэ?

-Энэ оны эхний 9 сарын байдлаар хүний эрхийг зөрчсөн эрхийг сэргээх, мөн зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн. Тухайлбал, эрх бүхий албан тушаалтнууд буюу цагдаагийн байгууллагын алба хаагч нар зөрчил үйлдсэн буруутай этгээдэд давхардуулж шийтгэл оногдуулсан буюу хууль, дүрэм, журамд заасны дагуу биш, өөрөөр хэлбэл тухайн хүний үйлдсэн зөрчилд тохирсон зүйл ангиар шийтгэл оногдуулаагүй байсан. Тийм 50 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус аймгийн Шүүхэд дүгнэлт гаргаж хүчингүй болгуулан тэдгээр иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалсан.


Мөн хүний эрхийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, прокурорын байгууллагын зүгээс эрх бүхий албан тушаалтнуудад өдөр тутмын хяналт тавьж, үүрэг чиглэл өгч ажиллаж байна.


-Цаашид танай байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?  

-Манай Прокурорын газраас боловсролын байгуулагуудтай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, тараах материал, боршур бэлтгэн тараах, мөн хүүхэд хохироосон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эхийн хараа хяналтыг сайжруулахын тулд уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах, хүүхдэд учирсан гэмтэл, нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг  үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


-Хүүхдийн эрхийг хамгаалах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, багш нар, иргэд бидний зүгээс юу хийгээсэй гэж хүсч байна вэ, ямар зөвлөмж өгөх вэ?

-Хүүхдийн эрхийг хамгаалах нь дан ганц хууль хяналтын байгууллагын үүрэг биш ээ. Эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч бүх хүмүүсийн оролцоо хамтын ажиллагаа чухал. Хүүхдүүд эцэг эхээсээ л хамгийн түрүүнд үлгэр дуурайл авдаг, тиймээс та бүхний зан төлөв хүүхдийн тань хүмүүжилд нөлөөлнө гэдгийг санаж үг, үйлдэл бүрээрээ зөв үлгэрлэн харилцаж байгаарай.


Нийт эцэг, эх өөрийнхөө хүүхдэд тавих хараа хяналтыг нэн түрүүнд сайжруулах, хичээлийн цагаас бусад үед хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгааг анзаарах, хүүхдээ хэнтэй найзалж, нөхөрлөж байгаад анхаарал хандуулах, хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээнд буюу цахим орчин дахь хяналт тавьдаг байх, хүүхдээ тогтмол цаг хугацаанд унтуулж, сэтгэцийн эрүүл мэндэд нь анхаарч байх шаардлага байна. Түүнээс гадна хүүхэдтэйгээ ярилцаж, энэ тухай ойлголт өгч, сэрэмжлүүлдэг байх хэрэгтэй. Тэгж чадвал бид хүүхдээ хохирогч болохоос, эрх нь зөрчигдөхөөс хамгаалж чадна. 


-Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсанд бярлалаа, цаашдын ажилд нь  амжилт хүсье!


相关新闻