ДУНДГОВЬ: "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр Улсын хүүхэлдэйн театртай франчайзинг гэрээ байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Улсын хүүхэлдэйн театрын “Миний хөөрхөн шүдний аялал”
хүүхэлдэйн жүжгийг франчайзинг гэрээгээр Дундговь аймагт тоглохоор болжээ.
Тодруулбал, Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээл болох Н.Мандалын
зохиол “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг тус аймгийн “Тэнгэрийн
тэмдэг” хүүхдийн театр аймагтаа тоглож, бяцхан үзэгчдэд толилуулах юм. Ингэснээр жүжгийн
тайз, хувцас гээд бүхэл бүтэн уран бүтээл туурвих зардал, цаг хугацааг хэмнэх
төдийгүй, хамтын ажиллагаа улам өргөжиж, илүү олон хүүхдэд уран бүтээлийг
толилуулах боломжтой хэмээн “Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын дарга
А.Ууганбаяр онцолсон.
Тэрбээр “жүжгийн нээлтийг 11 дүгээр сард болох “Өвөл
цагийн нээлт”-ийн үеэр хийж, Сайнцагаан сумын 8 цэцэрлэг, бага ангийн
сурагчдад толуулан улмаар хөдөө сумдад очин бага насны хүүхдүүдэд уран бүтээлээ толилуулна” гэлээ.
Улсын хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр нар 10 дугаар сарын 04-ны өдөр ийнхүү франчайзинг гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2023 он дуустал үргэлжлэх ажээ.