ДУНДГОВЬ: Ц.Мөнхбат: "Боловсролын чанар" хөтөлбөрийн хүрээнд багш нарынхаа хөгжлийг дэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг
тохиолдуулан Дундговь аймгийн багш нарын баярын хурал 10 дугаар сарын 5-нд Төв
халхын дуулалт жүжгийн театрт болж, 300 гаруй багш оролцлоо.
Баярын хуралд тус аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг
дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат болон албаны бусад хүмүүс болон үе
үеийн багш нар оролцжээ.
Дундговь аймаг сүүлийн 2 жилд хүнээ хөгжүүлэх,
боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд сургалтын орчныг сайжруулах,
багш нарыг чадавхжуулах, урамшууллын зөв механизмыг бүрдүүлэн ажиллаж байгаа
юм.
Энэ тухай аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат илтгэлдээ дурдаж: “Дундговь аймаг 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил”, 2023 оныг “Боловсролын
чанар хүртээмжийг дэмжих” жил болгон зарлаж, бүх шатны Засаг дарга, ИТХ-ын
төлөөлөгчдийн анхаарлыг хандуулж, төлөвлөгөөний дагуу тодорхой ажлуудыг зохион
байгууллаа.
Аймгийн ИТХ-ын 61 дүгээр тогтоолоор "Боловсролын чанар" хөтөлбөрт 300,0 сая төгрөг батлуулж, ЭЕШ-д амжилт гаргасан мэргэжлийн багш
нарыг багаар нь урамшуулах журам батлан хэрэгжүүлж байна. Боловсролыг дэмжих дээрх
бодлогын хэрэгжилтийн үр дүнд сүүлийн хоёр жилд гэрээгээр 9 багш орон нутагтаа шилжин
ирж ажиллаж байна.
Мөн орон нутагтаа
манлайлан үр бүтээлтэй, амжилттай ажиллаж буй 2 багшид орон сууцны дэмжлэг, жил
бүр ажлаараа манлайлсан 6 багшийг шалгаруулан урамшуулал олгосон төдийгүй мэргэжлээ
дээшлүүлэх багш нарт санхүүгийн дэмжлэг үзүүлснээр 100 гаруй багшид магистрт
сурах, 6 багшийг ОХУ-д, 6 багшийг Япон улсад, 1 багшийг Тайваньд мэргэжлээ
дээшлүүлэх боломжийг бүрдүүлсэн.
2022-2023 онд Боловсролын их сургууль, Ерөнхий
боловсролын Оюунлаг сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, багш
нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ЭЕШ-ын дундаж оноог ахиулах, шалгалтад бэлтгэдэг
арга зүйг нутагшуулах зэргээр хамтран ажиллаж байгаа билээ.
Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан 80 сурагчийг нийт 40,0 сая, 2023 онд 700-аас дээш оноо авсан 21 сурагчийг 12,5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан нь сурагчид, тэдний эцэг эхчүүдийн 12 жилийн хөдөлмөрийг үнэлсэн шинэлэг ажил болсон юм.
Мөн 2
сурагчийн 4 жилийн сургалтын төлбөрийн асуудлыг шийдвэрлэж, улсын
олимпиадад амжилт гаргасан 4 багш, 4
сурагчийг урамшууллаа” гээд цаашид сургалтын чанар, сургалтын орчинг
сайжруулах, багш нараа урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрахад нь дэмжлэг
үзүүлэхийн тулд багш, эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан шаардлагатай
бүх арга хэмжээг авч ажиллана гэлээ. Тус аймгийн ЗДТГ-аас "Боловсролын чанар" хөтөлбөрийн хүрээнд 2023 оны ЭЕШ-д сурагчдаа бэлтгэн амжилт гарсан 41 багшийг 109,0 сая төгрөгөөр урамшуулах шийдвэр гаргажээ.
Сүүлийн 2 жилд тус аймагт 2 сургууль, 2 цэцэрлэг, нэг
дотуур байрны барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна. 2022 онд
Гурвансайхан сумын дотуур байр, Сайхан-Овоо сумын сургууль ашиглалтад оржээ. Харин
энэ жил Сайнцагаан сумын ГИЦС, мөн сумын хоёрдугаар цэцэрлэг болон Дэлгэрцогт сумын
цэцэрлэг, Адаацаг сумын спорт заалны барилгыг ашиглалтад оруулах бол Сайнцагаан
сумын Хүмүүнлэг сургууль, Говь-Угтаал сумын дотуур байрны барилгын хөрөнгө
оруулалт үргэлжилж, 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Түүнчлэн 2023 онд аймгийн орон нутгийн тусвийн хөрөнгө
оруулалтаар хэд хэдэн сумын сургууль, цэцэрлэгийн засвар, гадна талбайн
тохижилтод 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулж, хүүхдийн сүүний
хэрэглээг нэмэгдүүлэх “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар, Японы ЖАЙКА ОУБ-ын
хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол
үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Говийн Ирээдүй цогцолбор
сургууль, Мандал сургуулийн сурагчдын үдийн хоол үйлдвэрлэлийн орчин болон
хоолны чанарыг сайжруулж байгаа бөгөөд 3 сумын сургуулийн үдийн хоолны заалыг
тохижуулжээ.
Энэ үеэр боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, бусдыгаа манлайлж буй багш, ажилчдад шагнал гардуулсан юм.