Монгол эмэгтэйг зодсон гэх хятад гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол эмэгтэйг Эрээний гаалийн байцаагч зодсон тухай мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны консулын газраас мэдээлэл өглөө.
Олон нийтийн сүлжээгээр энэ сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдсан. Уг асуудлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа бөгөөд Хятадын талын өгсөн мэдээллээр Хөх хотын Гаалийн дарга яаралтай шалгах үүрэг өгсний дагуу Эрээн хотын Гаалийн газрын дарга уг хэргийг шалгаж байгаа аж. Монгол эмэгтэйтэй зүй бусаар харьцсан хятадын гаалийн байцаагчийг одоогийн байдлаар ажлаас нь чөлөөлөөд байгаагаас гадна ахлах байцаагч, тасгийн даргад нь мөн хариуцлага тооцоод байгаа юм байна. Эрээн дэх Консулын газрын зүгээс Хятадын тал хэргийг шалгах ажиллагаа дууссаны дараа нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байгаа аж.
Энэ дашрамд иргэдэд сэрэмжлүүлэхэд сүүлийн үед Эрээн хотын авто замын боомтын орох талд монгол иргэд татвараас зугтах зорилгоор барааг бусдад дайж оруулдаг, наймаа хийдэг үйлдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын гаалийн байгууллагаас тухайн тохиолдол бүрийг Эрээн хотын Улаанхад дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, хариуцлага тооцуулж байхаа мэдэгдсэн тул манай иргэд хятадын гаалийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.
Н.Туяа