БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Увс аймгийн боловсролын салбарынхантай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Увс аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзалт хийлээ.
Боловсролын багц хуулийн онцлог, салбарын хэмжээнд баримталж буй бодлого, багш ажилтны нийгмийн баталгаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
Мөн тус аймгийн боловсролын салбарт тулгамдаж байгаа дараах асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Үүнд:
• 1-р цогцолбор сургуулийн 100 хүүхдийн хүчин чадал бүхий дотуур байр, спорт цогцолборын барилга,
• Улаангом сумын 5-р цэцэрлэгт нүүдлийн 5 гэр цэцэрлэг олгоно.
• Улаангом ПТК-ын дотуур байрын барилгыг 10-р сарын 15-ны дотор ашиглалтад оруулах, дутуу санхүүжилтийг шийдвэрлэх,
• БШУГ-ын “Багш хөгжлийн төв”-ийн засвар тохижилт, тоног төхөөрөмж,
• 1-р цогцолбор сургуульд орчин үеийн цахим анги байгуулах тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр үүрэг, чиглэл өглөө.


