Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-04 17:45:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалт-2023” эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг маргааш зохион байгуулна.


Зохион байгуулагч Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбоо нь Монголын соёлын өвийг судлан шинжлэх, хадгалан хамгаалах, сэргээн засварлах үйлсэд хувь нэмрээ оруулахаас гадна соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх зорилгоор энэ онд байгуулагджээ. Жил бүрийн эрдэм шинжилгээний хурлаар өндөр хөгжилтэй орноос соёлын өвийн сэргээн засварлалтын мэргэжилтэн урьж, лекц уншуулах, туршлага хуваалцахыг зорьж байна.


Энэ удаагийн зочноор Японы Соёлын яамны харьяаны Соёлын өвийн гамшиг, эрсдэлийн менежментийн төвийн дарга, Нарагийн Соёлын өвийн үндэсний судалгааны төвийн дарга, доктор Коүзүма Ёүсей оролцож, “Японы соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалт” сэдвээр лекц унших аж. Оролцогчид соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлийн судалгаагаа, мөн “Японы Мияазаки хотын Хасугайкэ Ёкоана бунхны хадгалалт хамгаалалт”, “Шавар эдлэлд хийсэн археометрийн цогц судалгаа”, “Археологийн малтлагаас илэрч буй модон эдлэлийн төрөл зүй тогтоох асуудалд”, “ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт”, “Чойжин ламын сүм музейн танка зурагт хийсэн материалын судалгааны зарим үр дүнгээс”, “Археологийн малтлагаас олдсон хүрэл эдлэлийн зэврэл ба түүний төрөл ангилал”, “Түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын баримтын сан бүрдүүлэлт: Богд хааны ордон музейн жишээн дээр” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

 

相关新闻