Судлаачийг аврахын тулд мөс зүсэгч хөлөг онгоцыг Антарктид руу илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-09-03 18:40:46

ЛОНДОН. /ВВС/. Антарктид дахь Австралийн Кейси станцад ажиллаж байсан нэгэн судлаач маш хүндээр өвчилсөн тул түүнийг авчрахаар Nuyina гэдэг мөс зүсэгч хөлөг онгоцыг илгээжээ.


Тус улсын Антарктидын хөтөлбөрөөс мэдээлснээр, хөлөг онгоц өнгөрсөн долоо хоногт Тасмани арал дахь Хобарт боомтоос хөдөлсөн байна. Уг боомтоос Кейси станц хүртэл 3443 км зайтай бөгөөд 32 км/цагийн хурдтай мөс зүсэгч хөлөг онгоц мөсөн бүрхүүл тогтоогүй усанд саадгүй явлаа гэхэд 5 хоногийн дараа станцад очих юм.


Антарктидад ажилладаг Австралийн гурван станцын нэг болох Кейси-гийн хажууханд мөсөн дээр байгуулсан хөөрөх буух зурвас бий, гэхдээ одоо тэнд өвөл болж байгаа тул түүн дээр буух нь эрсдэлтэй. Тухайн зурвасыг ашиглах боломжтой болгохын тулд мөс зүсэгч хөлөг онгоц ирэхээс ч илүү хугацаа шаардлагатай ажээ.  


Антарктидад өвлийн улиралд цаг агаарын нөхцөл маш хүндэрдэг тул тэнд ердөө 20 ажилладаг ба эмнэлгийн тусламж авах боломж хязгаарлагдмал. Иймээс Австралийн судлаачдыг Антарктид руу явахын нь өмнө маш нарийн эмнэлгийн шинжилгээ хийдэг ажээ.

 

Антарктидад ажиллаж буй хүмүүсийг аврах, нүүлгэн шилжүүлэх нь аюултай бөгөөд өртөг өндөртэй ажиллагаа юм. Тухайлбал, 2020 оны 12 дугаар сард Австралийн судалгааны багийн гишүүнийг нүүлгэн шилжүүлэхэд АНУ, Хятад хоёр тусалсан бол мөн онд Австралийн тал Airbus A319 нисэх онгоцоо илгээж  хүндээр өвдсөн Америкийн судлаачийг Макмердо станцаас авчирч байжээ. 

相关新闻