Лалын шашинт сурагчийг алгадахыг зааварласан багшийг шалгаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Долоон настай, лалын шашинт сурагчийг алгад хэмээн сурагчдадаа хэлж буй сургуулийн багшийг харуулсан дүрс бичлэгийг Энэтхэгийн цагдаа нар шалгаж байна.
Хичээлийн хуваариа буруу бичсэн гэх шалтгаанаар алгадуулсан хүүгийн уйлж байгаа нь дүрс бичлэгээс харагдана. Уг бичлэг нийгмийн сүлжээгээр тархсанаар олны уур бухимдлыг төрүүлжээ. Үүнтэй холбогдуулан Энэтхэгийн сөрөг хүчний удирдагч Рахул Ганди "бусад шашныг үл тэвчих үзлийг дэвэргэж байна" хэмээн Засгийн газрыг буруутгасан байна.
Дээрх хэрэг явдал өнгөрсөн пүрэв гарагт Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужийн нэгэн хувийн сургуульд болжээ. Хүүг уйлаад зогсож байхад багш сурагчдадаа хандан “Яагаад ийм зөөлхөн цохиж байгаа юм? Чанга цохь” хэмээн хэлж байсан бөгөөд дараа нь “Одоо бүсэлхий рүү нь цохь, нүүр нь улайчихлаа, бүсэлхий рүү нь цохь” гэж хэлж байгаа нь мөн бичигдсэн байна.
Энэтхэгийн эрх
баригчид уг дүрс бичлэг жинхэнэ болохыг баталсан бөгөөд шаардлагатай арга
хэмжээг авна хэмээн мэдэгджээ. Хохирогч хүүгийн аав уг хэргийн талаар
Музаффарнагар дүүргийн цагдаад мэдэгдэж, хүүгээ сургуулиас нь гаргасан боловч гомдол гаргаагүй аж.
Ерөнхий сайд
Нарендра Моди 2014 онд албан тушаалдаа орсноос хойш Энэтхэгийн лалын шашинт
цөөнхийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл нэмэгдэж байгааг хүний
эрхийг хамгаалах байгууллагууд анхааруулсаар иржээ. Уттар-Прадеш мужийг 2017
оноос хойш Н.Модигийн үндсэрхэг үзэлт “Бхаратия Жаната” нам удирдаж
байгаа ажээ.
Р.Гандигийн
хэлснээр, тус нам Энэтхэг даяар шашны хурцадмал байдал үүсэхэд нөлөөлсөн байна. “Гэмгүй хүүхдүүдийн оюун санаанд ялгаварлан гадуурхах хорыг тарьж,
сургууль шиг ариун газрыг үзэн ядалтын тавцан болгон хувиргаж байна” хэмээн
тэрбээр “X” /хуучнаар “Twitter”/ нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байна.
Энэ оны зургаадугаар сард АНУ-д айлчлах үеэрээ Н.Моди хэлэхдээ, Энэтхэгт “ялгаварлан гадуурхалтад ямар ч орон зай байхгүй” гэж байжээ.