Донкун Шин: Парламентчид ард иргэдийг илүү эрүүл саруул ирээдүйн төлөө удирдан чиглүүлж чадна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-08-21 14:48:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, түүнийг сайжруулах чиглэлээр хийж буй ажлыг тодрууллаа.   


БНСУ-ын Парламентчдын Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумын ерөнхийлөгч Донкун Шин: 

Парламентын гишүүд өөрийн улсын ард иргэдийг илүү эрүүл саруул ирээдүйн төлөө удирдан чиглүүлж чадна


-Ази, Номхон далайн орнуудын эрүүл мэндийн салбарт хууль тогтоох, эдийн засгийн бодлогыг зохицуулах чадамжтай парламентын гишүүд өнөөдөр энд хуран цуглараад байна. Монгол Улсад хуран цугларсан нь эрхэм хүндэт төлөөлөөгчдийн хувьд үнэтэй санаа, мэдлэгээ өөр хоорондоо хуваалцах онцгой боломж, бололцоо юм. Ирээдүйн төлөө эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд тулгарах асуудлыг хэлэлцэхээр хуран цугларсан бид эрүүл мэндийн үр дүнтэй тогтолцоонд хөрөнгө оруулалт чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь эрүүл мэндтэй холбоотой анхаарах асуудлыг эрт илрүүлэн зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэн, лавлагаа шатлалын эмнэлгийн тусламжийн өндөр өртгийн хэрэгцээг багасгахад тусалж чадна. Парламентын гишүүдийн хувьд бидэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ахиц дэвшлийг сурталчлан, манлайлах онцгой платформ байгаа учраас өөрийн улсын ард иргэдийг илүү эрүүл саруул ирээдүйн төлөө удирдан чиглүүлж чадна. Чуулганы туршид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар мэдлэг, санаа бодлоо солилцохын төлөө хамтран ажиллацгаая. Бидний хамтын хүчин чармайлт нь хүн амын эрүүл мэндийг сайжруулахад нөлөөлж, эерэг үр дүнд хүргэх нь дамжиггүй.


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Та халаасандаа хэдэн төгрөгтэй байхаас үл хамаарч, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авдаг байх ёстой


-Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор болж байна. Өөрөөр хэлбэл, та халаасандаа хэдэн төгрөгтэй байхаас үл хамаарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, ямар нэг санхүүгийн дарамтгүйгээр авдаг байх бодлогын хүрээнд Ази, Номхон далайн орнуудын парламентчид Улаанбаатар хотноо цугларч, санал бодлоо солилцон, сайн жишээнүүдийн туршлагаа хуваалцаж байна. Ер нь ДЭМБ-аас дэлхийн парламентчдын оролцоог эрүүл мэндийн салбар руу түлхүү анхаарал хандуулдаг байх нь зүйтэй гэж үзэх болсон. Өнөөдөр эрүүл мэндийн салбар төсвийнхөө 30-аас доошгүй хувийг анхан шатны тусламж үйлчилгээнд зарцуулж байвал нэлээн бодитой ажиллаж байна гэж үздэг. Манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тал орчим хувийг үзүүлж буй анхан шатны байгууллагуудад салбарын нийт зардлын 20 орчим хувийг зарцуулж байна. Хэдийгээр бид зохих түвшинд хүрээгүй ч бодит дэвшлүүд өнгөрсөн хугацаанд гарсан. Тухайлбал, сүүлийн хоёр парламентаар дамжин эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлсэн. Нэг хүнд ногдох эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт 15-30 мянган төгрөг байсан бол өнөөдөр 60 мянган төгрөг болсон байна. Цаашид Ковид-19 цар тахал дэгдсэн шиг олон нийтийг хамарсан өвчин тархсан тохиолдолд тэрхүү өвчинтэй хэрхэн тэмцэх вэ гэдэг асуудлыг тодорхойлсон хууль өдгөө бидэнд дутагдаад байна. Тиймээс УИХ-ын намрын ээлжит чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болоод байна. 


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ


-ДЭМБ-аас иргэн нэг бүрийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнээс орхигдуулахгүй байх бодлогыг баримталдаг. Энэхүү бодлогын хүрээнд дэлхийн эрүүл мэндийн асуудал, тэр дундаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах тухай асуудлыг хөндөж ярилцаж байна. Манай улсын хувьд газар нутаг өргөнтэй, хүн ам цөөнтэй, засаг захиргааны олон нэгжтэй учир иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь өөрийн онцлог шинжтэй байдаг. Ер нь иргэний эрүүл мэндийг хамгаална гэдэг хоёр талтай асуудал. Нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ бол нөгөө нь нийгмийн эрүүл мэнд болоод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ юм. Шуудхан хэлэхэд, бид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Үүнээсээ хамаарч эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг орхигдуулж ирсэн тал бий. Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нийт санхүүжилтийнхээ 50-80 хувийг зарцуулж байна. Гэтэл манай улс нийгмийн эрүүл мэнд болоод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд санхүүжилтийнхээ 20-30 хувийг зарцуулж байгааг өөрчлөх шаардлагатай. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Энэхүү хууль батлагдвал нийгмийн эрүүл мэнд болоод анхан шатны тусламж үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлдэг байх, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд даатгалын сангаас санхүүжүүлдэг болох юм. Нөгөө талаас иргэн хүн өөрийн эрүүл мэндийг хамгаалдаг байх тал дээр анхаарах цаг нь болсон. Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаанаас харахад, иргэн хүн урт наслах нь тухайн хүнээс шууд хамааралтай гэгдэх болсон. Иймд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулсан хөтөлбөр боловсруулах, эрүүл амьдралын хэв маягийг нийгэмд хэвшүүлэх, буруу дадал зуршилд өртөхгүй байх зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.


Дэлхийн эрүүл мэндийн асуудлаах Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулган нь эрүүл мэндийн асуудлаар тогтвортой үйл ажиллагаа явуулахад парламентчдын хамтын ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцож, дэлхий дахины өмнө тулгарч буй эрүүл мэндийн асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэдэг парламентчдын платформ юм.



相关新闻