БАЯН-ӨЛГИЙ: Хотон, Хурган нуурын хоолойн гүүрийг энэ ондоо багтаан засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-08 11:21:37

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн зургаадугаар сард голуудын усны түвшин эрс нэмэгдэж үерлэсний улмаас 7 модон гүүр, 1 төмөр бетон гүүр эвдэрсэн.


Тэдний дотор тус аймгийн аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг болох Хотон, Хурган нуурын хоолойн гүүрний зорчих хэсэг цөмөрч усанд урссан байгаа. Үүний улмаас Хотон, Хурган нуур, Бага Түргэний хүрхрээг зорих гадаад, дотоодын аялагчид болон энэ нутагт зусдаг Цэнгэл сумын 5 дугаар багийн иргэдэд хүндрэл учраад байлаа.


Үүсээд буй асуудлыг орон нутгийн удирдлага, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Улсын Онцгой комисс, Засгийн газарт танилцуулсан ба Засгийн газрын өнгөрсөн сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар эвдэрч сүйдсэн гүүрэн байгууламжуудыг шинэчилж, засварлах зардлыг нөөц сангаасаа гаргахаар шийдвэрлэжээ.


Тухайн хөрөнгөөр Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог Хотон, Хурган нуурын хоолойн гүүр, Харгантын голын гүүр болон Сагсай сумын Ар хаалганы гүүрийг засварлах аж.


Дээрх ажлуудыг гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах замаар хийх ба одоо зураг төсвийг нь боловсруулж байна. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус 3 модон гүүрний засварын ажлыг энэ ондоо багтаан дуусгах ажээ.    

相关新闻