БНХАУ-ын зүүн хойд мужийн Янтай хоттой хамтран ажиллахаар боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад ирээд буй
БНХАУ-ын Шаньдун мужийн Янтай хотын Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн
холбоо МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичиг
байгуулав.
Дээрх хотоос эмнэлгийн
тоног төхөөрөмж, барилга, байгууламж, электрон хэрэгсэл, машины эд, анги,
хүнсний бүтэгдэхүүний үйлдвэрлэл зэрэг 10 гаруй салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөл ирж бизнес, хөрөнгө оруулалтын уулзалт
зохион байгуулсан юм. Уулзалтад Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн
төлөөлөл оролцов. Уулзалтаар хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох,
хамтарсан уулзалт, арга хэмжээг зохион байгуулахаар тогтлоо.
БНХАУ-ын Янтай
хот нь Шаньдуны зүүн хэсэг, Шар тэнгис, Бохай тэнгисийн заагт оршдог, 7 сая
гаруй байнгын оршин суугчтай хот аж.
Түүнчлэн, ногоон, нүүрстөрөгч багатай, өндөр чанартай хөгжлийн туршилтын бүсийг
байгуулах, Шар мөрний сав газрын экологийг хамгаалах зэрэг үндэсний томоохон
стратегийн боломжуудыг ашиглаж, шинжлэх ухаан, технологийн кластеруудыг өндөр
стандарттай байгуулж буйг Хятадын
төлөөлөгчид танилцууллаа.
Тус хотын захиргаанаас дэвшилтэт үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээ,
шинэ эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалт болон бусад олон салбарыг хамарсан
нийт 2.2 их наяд юанийн хөрөнгө
оруулалт бүхий 537 гол төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тиймээс харилцан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах бизнесийн эрэлт, орон зай өргөн байгааг
онцлов.
МҮХАҮТ-д болсон хоёр талын
нүүр тулсан B2B уулзалтаар Янтай хотын бизнес эрхлэгчид хамтарсан
үйлдвэр барих, Монгол Улсад бүтээгдэхүүнээ борлуулахад түншлэх зэргээр хамтран
ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийллээ.