ХОВД: Ховд сумыг хатуу хучилттай авто замаар холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-24 14:09:59

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд сумыг хатуу хучилттай авто замаар холбох ажил өнөөдрөөс эхэллээ.

А0305 дугаартай улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Ховд сум хүртэл үргэлжлэх 18.7 км хатуу хучилттай авто зам барих ажлыг DYKВ ХХК-ийн хамт олон гүйцэтгэх юм.

Уг бүтээн байгуулалтын ажил нь "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаагаараа онцлогтой.

Ховд аймаг нь өнгөрсөн хугацаанд 1100 гаруй км үргэлжлэх авто замын бүтээн байгуулалт хийж, 10 гаруй сумыг Ховд аймгийн төв, Улаанбаатар хот, Улсын хилтэй хатуу хучилттай авто замаар холбосон. Одоогоор тус аймагт хатуу хучилттай авто замаар холбогдоогүй цөөхөн сум байгаагийн нэг бол Ховд сум юм. Тус сумын чиглэлд хатуу хучилттай авто зам барих асуудлыг мэргэжлийн байгууллагууд шийдвэрлэсэнд нутгийн иргэд талархалтай байна.

Энэхүү зам ашиглалтад орсноор Ховд сум баруун босоо тэнхлэгийн авто замтай хатуу хучилттай авто замаар холбогдоно. Иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ. Уг замыг 2023 оны 11 дүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулжээ.  

相关新闻