ХЭНТИЙ: Хэнтийнхэн 100 жилээ угтаж...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-24 16:23:48

Чингис /МОНЦАМЭ/. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаануудаас тоймлон хүргэе.


100 жилийн ойн логоны уралдаан зарлаж дүгнэв

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан зарласан логоны уралдаанд таван оролцогч зургаан бүтээл ирүүлснээс шилдгээр Хэрлэн сумын оролцогч Д.Мөнхбаатарын бүтээл шалгарчээ.  


Ирүүлсэн бүтээлийн тодорхой хэсгүүдэд аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороо, мэргэжлийн хүмүүсийн өгсөн зөвлөмжийн дагуу өөрчлөлт оруулан 100 жилийнхээ билэг тэмдэг болгон ашиглаж байна.


Агуулга бэлгэдлийн тухайд, нэгийн тоо нь Хэнтий аймгийн шүтээн шонхор шувууг дүрсэлжээ. Хязгааргүй өсөн дэвжихийг 00-ээр илэрхийлсэн бөгөөд гал, нар, сараар монгол төрийн голомтыг бэлгэджээ.



Мэргэжлийн зураач уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэв

Ойн хүрээнд “Эзэн Чингисийн түүхэн жимээр Хан Хэнтий 100” мэргэжлийн зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн хорооны “Арт галлерэй”-д дэлгэв. Энэхүү үзэсгэлэнг Хэнтий аймгийн ЗДТГ, аймгийн зураач урчуудын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд 31 уран бүтээлчийн 80 гаруй уран зураг, уран баримлын бүтээл тавигдсан юм.


Мөн тус аймгаас төрөн гарсан Ардын зураач, Төрийн шагналт Ү.Ядамсүрэн тэргүүтэй уран бүтээлчдийн эх бүтээлүүд, уран баримлууд дэлгэгдсэнээрээ онцлог байв. Тус үзэсгэлэнг угтаж, МУЭ-ийн нэрэмжит шагналт, МУСГЗ, Хэнтий аймгийн зураачдын холбооны тэргүүн Д.Батхуяг “Эзэн Чингисийн түүхэн жимээр Хан Хэнтий” үзэсгэлэн номоо гаргасан бөгөөд номын дээжээсээ 60 ширхгийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд гардуулжээ. 



Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

​Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл санаачлан Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Чингис хаан үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Хан Хэнтий уулын аймгийн түүх, соёл, хөгжил: Эрт, эдүгээ” сэдэвт эрдэм шижилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. 


Хурлаар 20 орчим байгууллагын 40 гаруй эрдэмтэн судлаач Сэцэн хан аймаг, Хан Хэнтий уулын аймгийн түүх, тус аймгийг бүрдүүлэгч хошууны түүхэн газар нутаг, шашин, сүм хийд, археологи, соёл, угсаатан, ноёдын угсаа гарвалын шинэлэг судалгаа, угсаатны соёл, зан заншил зэрэг олон шинэ судалгааны үр дүнгээс хэлэлцүүлсэн байна. 

 

 

Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнууд тоглолт зохион байгуулав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хэнтий аймгаас төрөн гарсан алдартнууд болох Ардын жүжигчин, дуучин А.Энхтайван, Ардын жүжигчин, дуучин Б.Жавзандулам, Гавьяат жүжигчин, дуучин Ц.Төвшинтөгс нар "Ээжийнхээ ачийг яалаа даа" хандивын тоглолтыг Хан Хэнтий чуулгад зохион байгуулсан юм. Энэ үеэр тоглолтын орлого болох гурван сая төгрөгийг 100 жилийн ойн баярт зориулан хандивлав.




"Хан Хэнтийн дуулал" тоглолтын орлогыг 100 жилийн ойд хандивлав

Хэнтий аймгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудыг оролцуулсан “Хан Хэнтийн дуулал” хандивын тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хэнтий аймгийн Нутгийн Зөвлөлийн зүгээс нийт борлуулсан тасалбарын орлого болох 250 сая төгрөгийг аймгийнхаа 100 жилийн ойд хандивлаж, батламжийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд гардуулав.


“Хан Хэнтий уулын аймаг-100 жил” түүхэн ном бүтээлээ

1963 онд Хэнтий аймгийн түүхтэй холбоотой анхны номыг Монголын ууган археологич, түүхч, зохиолч, орчуулагч Хөдөөд овог Дамдины Пэрлээ гуай бүтээж байжээ. Тэр үеэс хойш 10 жилийн давтамжтайгаар түүхийн хуудсыг бичиж баринтаглан ирсэн бөгөөд энэ жил Хэнтий аймгийн түүхийг харуулсан долоо дахь ном болох “Хан Хэнтий уулын аймаг -100 жил” номыг хэвлүүлжээ. Тус номыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ тэргүүтэй, 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан иргэд, аж ахуйн нэгжийн хандиваар бүтээн туурвисан байна.

  


“Хаадын түүхт Хан Хэнтий” гэрэл зургийн цомог гаргалаа

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудыг гэрэл зурагт буулган цомог гаргалаа. Тус номыг чөлөөт уран бүтээлч, гэрэл зурагчин Г.Баясгалантөгс бүтээсэн бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга нартай утга агуулгын талаар хэлэлцэн төлөвлөжээ.


Тодруулбал, аялал жуулчлалын үндсэн маршрутын дагуу сумдаар зураг авалт хийж, Хэнтий аймагт үзэж болох бүх газрыг зургаар харуулснаас гадна сум бүрийн онцлог, эвент арга хэмжээ, брэнд бүтээгдэхүүнийг тусгасан байна. Номын нээлтийг 100 жилийн ойн баярын хурлын өмнө хийж нийтэд танилцуулан, фото зургийн үзэсгэлэн гаргах аж.

  


“Их хаадын үр сад” 100 жилийн ойн баримтат киног олны хүртээл болголоо

“Их хаадын үр сад” баримтат уран сайхны киног Монгол Улсын Ардын жүжигчин Агваанцэрэнгийн Энхтайван найруулан, “Идуган энтертаймент" хийлээ. Уг кинонд Хан Хэнтий аймгийн үүх түүх, түүхэнд нэрээ үлдээсэн алдар цуутай хүмүүсээс эхлээд өнөө үеийг хүртэл нутаг орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа эрхэм хүмүүсийн талаар, мөн газар нутгийнхаа онцлог шинж чанаруудыг зураглан үзүүлж, гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор англи хэлээр бүрэн орчуулгатай хийснээрээ онцлог юм. Мөн энэхүү киног нутаг орноо гэсэн сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар бүтээсэн байна. 

 

 

Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллалаа 

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын үеэр зочид төлөөлөгч болон хандив өргөсөн иргэд, аж ахуйн нэгж компаниудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулахаар төлөвлөжээ. Тэгвэл уг гарын бэлгийг орон нутгийнхаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнээс сонгон авч, захиалгаар хийлгэсэн байна.


Мөн ойн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, хувийн хэвшил, өрхийн үйлдвэрлэгч нарыг дэмжих зорилгоор хурдан морины пайз, бөхийн засуулын дээл малгай, бай шагналын морьдын нэмнээ, унаач хүүхдийн хувцас, нөмрөг, морь бариач нарын дээл, зочид төлөөлөгчдөд өгөх гарын бэлэг, анонс, баннер, энгэрийн тэмдэг, мандат, өргөмжлөл, автомашины зөвшөөрөл гэх мэт ажлуудыг орон нутгийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээр захиалан хийлгэсэн аж.

  

 

100 морин хуурч, 100 уртын дууч, 100 морьтон, 100 харваач бэлтгэв 

Тэгш ойн баяр наадмын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, түүхэн ном, баримтат кино бүтээх, авто зогсоолуудыг шинээр байгуулах зэрэг 30 гаруй ажлыг төлөвлөн гүйцэтгэсэн байна. Уг ажлын хүрээнд баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зориулан 100 морин хуурч, 100 уртын дуучин, 100 морьтон, 100 харваач бэлтгэжээ.

 

  

Төрийн албан хаагч, иргэд, ААН-үүд хандив өргөв 

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил, бүтээн байгуулалтад зориулан иргэд, төрийн албан хаагч, аж ахуйн нэгж байгууллага, компаниуд хандив өргөлөө.


Төрийн байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа, малчид мал бүхий болон мөнгөн хандив, аж ахуйн нэгж байгууллага, компаниуд тохижилт, засварын ажил зэрэг эд материалын болоод мөнгөн хандив өргөсөн юм. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хэлэхдээ “Иргэдийн хандивыг идэж уух, нэг удаа хэрэглээд өнгөрөх зүйлд зарцуулахгүй, харин иргэдэд үлдэх бүтээн байгуулалтад ашиглана” гэв. Хандивын нийт зарцуулалтыг тэгш ойн баяр наадмын дараа иргэдэд нээлттэй тайлагнах аж.  

 


Хандиваар олгосон 100 гэрийг иргэдэд бэлэглэнэ 

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмаар 10 мянга орчим хүн цуглана гэсэн урьдчилсан тооцоолол гараад байна. Иймд зочдыг хүлээн авах 300 монгол гэр барихаар төлөвлөжээ. Уг гэрүүдийн 100 нь хандиваар олгогдсон бөгөөд баяр наадам өндөрлөсний дараагаар аймгийн иргэдэд бэлэглэх аж. Ингэхдээ шаардлагатай иргэн, залуу хосуудад олгох юм.

  

 

100 жилийн ойгоор 100 мэргэжилтэн бэлдэнэ 

Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах чадавхжуулах зорилгоор Хэнтий аймагт “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрөөр дамжуулан 3, 4 дүгээр дамжааны /төгсөх/ оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна дутагдалтай мэргэжлээр шилжин ажиллах хүсэлтэй төрийн албан хаагчид хамрагддаг юм.

  

Өнгөрсөн онд 14 оюутан, 10 төрийн албан хаагчид 58.9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бол 100 жилийнхээ хүрээнд 100 мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 27 иргэнд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байна.

 

 Хэнтийн брэнд бүтээгдэхүүн борлуулах тасаг нээлээ 

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, сурталчлан таниулах зорилгоор орон нутгийн удирдлагууд Ханбүргэд дэлгүүртэй хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдтэй холбож стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан, сав баглаа боодолтой бүтээгдэхүүнийг эхний ээлжинд сонгон авч “Хэнтийн брэнд бүтээгдэхүүн” борлуулах тасаг нээлээ.

 


相关新闻