ХЭНТИЙ: Өвгөн ноёны хөшөөг сэргээн засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-22 12:59:54
Чингис /МОНЦАМЭ/. Халхын Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу ноён, Хардэл жанжин бэйс, хүлэг шинжээч, зураач, олноо “Өвгөн ноён” хэмээн алдаршсан Пүрэвжавын хөшөөг Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтан сэргээн засварлажээ.

“Өвгөн ноён” М.Пүрэвжав нь 1844 онд Бишрэлт вангийн хошууны Хужирт хэмээх газарт бэйс Минжүүрдоржийн хоёрдугаар хөвгүүн болон төржээ. Сэцэн хан аймгийн халх дорно замын дундад адгийн нутагт Бишрэлт вангийн хошууг халхын анхны Сэцэн хан Шолойн ууган хөвүүн Мацигарын хүү Дарь анх захирч, Дарийн ахмад хүү Ахай Цэмбэлдарийн гутгаар хүү Равдан, Равдангийн хоёрдугаар хүү Ядамжав, Ядамжавын ахмад хөвүүн Гүнцогжав, Гүнцогжавын дөрөвдүгээр хүү Юндэнбазар, Юндэнбазарын ахмад хөвүүн Минжүүрдорж, Минжүүрдоржийн хоёрдугаар хүү Пүрэвжав, Пүрэвжавын хөвүүн Доржцэрэн нар тус хошууг угсаа залгамжлан ноён суусан түүхтэй.

“Өвгөн ноён” М.Пүрэвжав бага наснаасаа манж, төвөд, монгол бичиг, урлахуйн болоод морь шинжих арга ухаанд суралцсан. 1885 онд эцгийн хэргэмийг залгамжлан хошуу захирахын зэрэгцээ хурдан морь уях, хурдлуулах, шинжих, сойх эрдмийг гайхалтай эзэмшсэн хүн байв. Түүний талаар адуу судлаач, түүхийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай анхлан судалж "Түмний эх", "Хардэл жанжин бэйс" ном гаргажээ. Өвгөн ноён Хардэлийн удамт хурдан адууг сонгон үржүүлж XX зуунд халх даяар дуурсгасан хурдан удмын адууг бий болгосноос гадна морьдоо зурж бүтээл туурвидаг уран бүтээлч, сэтгэгч, бичгийн том төлөөлөгч хүн байжээ. Тэрээр 1885-1909 он хүртэл хошуу ноёны хэргэм зэргийг залгамжлаад насжиж хууч өвчинтэй болсон учир хүү Доржцэрэнд тушаалаа шилжүүлсэн байна.

Монголын хурдан морины уралдааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэн тэргүүнд Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав бичигддэг. Тэрээр өөрийн дэргэд тухайн үеийн хамгийн шилдэг хурдан морь уяач, унаач, шинжээчдийг бий болгон сургаж, хурдан морь үржүүлэх, уяж сойх ажилд бодлоготой хандаж, өөрийн хүч хөдөлмөрөөр Галшар адуу хэмээх хурдан удмыг бий болгосон аж. Галшар адуу нь олон үе дамжин хурдалж, үндэсний их баяр наадмын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн төдийгүй Монголын бүх нутгаар өргөн тархаж, хурдны олон угшил үүсэхэд нөлөөлсөн байна.
相关新闻