ОРХОН: Ч.Баасандаш: Тариаланчид нэгдэж, хоршоолж байж хөдөө аж ахуйн салбар хөгжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-17 16:21:37
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/.ШУТИС-ийн профессор Ч.Баасандаштай хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлаа.


-Монгол Улсын хөгжлийн гарцыг та хөдөө аж ахуйн салбар гэж тодотголоо. Мөн аж үйлдвэрийн зургаадугаар хувьсгалын талаар ярилаа. Бидэнд тулгамдаж байгаа эхний асуудал юу вэ?

-Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд ямар загварчлал дээр хөгжүүлэх вэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Япон, Солонгос, Хятад зэрэг тариачин ард түмэнд ямар асуудал тулгарч байгааг судлах хэрэгтэй. Тэд тэр асуудлаа хэрхэн шийдэж байна, цаашдын хөгжлийн чиг хандлагаа хэрхэн тодорхойлж байгаагаас нь бид суралцаж, туршиж, бас хэрэглээндээ нэвтрүүлж болох юм. Азийн улс орнуудын тариаланчид багахан газартай түүнийхээ хажууд гэр нь байрлаж будаа, ногоогоо тариалдаг нийтлэг хэв шинжтэй байсан.

Гэтэл АНУ, Орос зэрэг томоохон гүрнүүд тариалалтаа богино хугацаанд их хэмжээгээр нэмэгдүүлж гадаад худалдаагаа өргөжүүлээд ирэхээр нөгөө багахан газартаа ногоо тарьдаг байсан азичуудад хүндрэл үүсч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, европчууд техник, технологийн дэвшил, хүний нөөцийн зөв менежмент, хөдөө аж ахуйн салбарын хууль, эрх зүйн орчны таатай нөхцөлөөс үүдэж дэлхийн зах зээлд ноёлж эхэлсэн. Гэтэл нөгөө багахан газартаа тариа, ногоо тариад өөрийн болон улс орныхоо хүнсний хангамжийг хангаад байсан тариачид чинь сүүлдээ ашиггүй болж хөдөө аж ахуйн салбараас гарч эхэлсэн. Яг энэ дүр зураг Монголд бас бий. Мал аж ахуйн салбарын хөгжил доройтоод ирэнгүүт хот руу шилжигсэд нэмэгдэж эхэлсэн. Сүүлийн 30 жилд хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу 780 мянган иргэн шилжин суурьшсан байна. Тэгэхээр хөдөө хэн үлдэж байна гэвэл хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшчүүл байна. Эрэгтэйчүүд нь уул уурхай, аж үйлдвэрт ажиллахаар явчихдаг. Энэ мэтчилэн нийтлэг шалтгаанууд байгаа юм.


-Үүнээс гарах гарц, шийдлийг хэлбэл?

-Дээр хэлсэнчлэн, Япон, Солонгос, Хятадын тариаланчид эзэнгүй болсон атар газраа, ажиллах хүчгүй болсон газар тариалангийн салбараа, цаг хугацаа, эдийн засаг, хөдөлмөр их зарцуулдаг хуучин техник, тоног төхөөрөмжөө өөрчлөхөөс эхэлсэн. Тариаланчид хоршоолж эхэлсэн. Газар хагалж тариа, ногоогоо тарихдаа дэвшилтэт техник ашиглана, дараа нь хураах, борлуулах ажлаа гэрээт байгууллагаар дамжуулан гүйцэтгүүлнэ. Тариаланч бүх зүйлийг хийхгүй, харин хоршоонд нэгдсэнээр механикжуулалтын мэргэжлийн байгууллагаар дамжуулан газраа хагална, үр тариагаа суулгана, хураана гээд бүх ажлаа гүйцэтгүүлнэ. Яг энэ жишгээр Эрдэнэт хотын Агропаркийг ажиллуулж болно. Эрдэнэт хот 84 мянган м.кв газар нутагтай. Үүний 60 хувь нь Жаргалант суманд харьяалагддаг. Мөн Жаргалант сум 1975 оноос хойш Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг байсан. Харамсалтай нь одоо цөөн л тариаланч байна. Энэ газраас 100 мянга байтугай хүнийг тэжээх хоол, хүнс бэлдэж чадна.

Тэгэхээр цаашид Эрдэнэт хотыг хөгжүүлье гэвэл газар тариалангийн салбараа дэмжих хэрэгтэй. Тэд хоршоонд нэгдсэнээр хамтдаа ажиллаж сурах хэрэгтэй. Хамтын үнэ цэн бүтээж сурах хэрэгтэй монголчууд. Тариаланчид хоршоонд нэгдсэнээр дэвшилтэт техникээр богино хугацаанд газраа боловсруулж ямар ногоог хэзээ тарих, яаж хураах, бордоогоо хэрхэн цацах зэрэг бүх ажлаа гэрээт байгууллагаар нь гүйцэтгүүлэх боломжтой. Тариаланчид ажлын даалгавраа сайн өгнө, гэрээт байгууллага сайн гүйцэтгэнэ. Дараа нь ногоогоо хураагаад дараагийн гэрээт байгууллага нь борлуулалтыг хариуцаж ажиллана гэх зэргээр хамтдаа ажиллаж чадвал тариаланчид өөрсдөдөө гаргах цаг завтай, амралттай, өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм. Үүнийг дагаад хөдөө аж ахуйн гарааны компаниуд хөгжөөд эхэлнэ.

Мал аж ахуй ч гэсэн үүнтэй адил. Малын тэжээлээ бэлдэх, мах, сүүнийхээ гарцыг нэмэгдүүлж ашиг орлогоо дээшлүүлэхийн тулд хамтрах хэрэгтэй юм. Энэ эрхзүйн орчинг манай улс “Хоршооны тухай хууль”-иараа шийдэж эхэлсэн. Дундын хоршоологч гэж ойлгож болно. Тэгэхээр дундын хоршоонд нэгдсэн тариаланчдад асар их боломж, давуу тал үүсч байгаа юм.


-Монголд яг энэ жишгээр ажиллаж байгаа тариаланчид байна уу?

-Төв аймагт нэг ХХК бий. Төв аймгийн тариаланчдын тарьсан ногоог аваад зоориндоо хадгалж байгаад Улаанбаатар хотод том сүлжээ дэлгүүрүүд рүү нийлүүлээд  дараа нь ашгийг нь тариаланчдад өгдөг. Тариаланчид өөрсдөө ногоогоо борлуулах гэж ажилладаггүй, гэрээт компаниар гүйцэтгүүлдэг гэсэн үг. Гэхдээ үүнийг улам боловсронгуй болгох хэрэгтэй юм.

Ер нь сайн хөгжсөн хоршоологчид тухайн аймаг, бүс нутгаа хөгжүүлж байдаг давуу талтай. Тэгэхээр тариаланчид хоршоолж нэгдэж байж аж үйлдвэрийн “зургаадугаар хувсгал” –ыг эхлүүлэх боломжтой юм. Хөдөө аж ахуйн салбар илүү “ухаалаг” болж хиймэл оюун ухаанаар удирддаг болсон энэ цаг үетэй бид хөл нийлүүлэн алхах хэрэгтэй юм. Энэ салбарын хөгжлийг орхигдуулвал бид ирээдүйд хоол, хүнсгүй л болно гэсэн үг.


-Ер нь нэг га газраас хэдэн хүнийг “тэжээх” боломжтой байдаг вэ, тийм судалгаа байна уу?

-Байдаг байх. Яг одоогоор хэлэх тоон мэдээлэл алга. Гэхдээ, нэг жишээ хэлэхэд, Японы нэг өрхийн фермер, Төв аймгийн Батсүмбэр сумын нэг өрхийн фермертэй харьцуулахад Японы бүтээмж 34 дахин их байдаг гэсэн судалгаа уншиж байсан. Яагаад ийм хол зөрүү байгаа вэ гэвэл нөгөө л хоршооны чинь давуу тал гарч ирж байгаа юм. Япон фермер өрхийн нэг жилийн эдийн засгийн эргэлт 1.7 тэрбум төгрөг бол Монголынх 50 сая төгрөг байна. Иймээс газар тариалангийн салбарт дэвшилтэт технологийг хүний нөөцийн зөв менежменттэй хослуулж байж илүү үр бүтээлтэй, бүтээмжтэй байна. 

-Ярилцсанд баярлалаа.

 

相关新闻