ӨВӨРХАНГАЙ: Баянтээгийн уурхайгаас 292 метр нүүрсний цооног илрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Нарийнтээл /МОНЦАМЭ/. Нарийнтээл сум дахь Баянтээгийн нүүрсний уурхайд нарийвчилсан хайгуулын ажил хийж байна.
2022 онд “Галаксигео Монголиа” ХХК орон нутгийн төсвийн 930 сая, 2023 онд “Майн валюшн энд консалтинг” ХХК 3.7 тэрбум төгрөгийн төсвөөр хайгуулын ажлыг гүйцэтгэж, 292 метр зузаан нүүрсний цооног илрүүлээд байгаа юм.
Энэ нь одоогоор Монгол Улсын түүхэнд илэрсэн хамгийн зузаан үетэй нүүрсний цооногт тооцогдож байгаа аж. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга А.Ишдорж хайгуулын үйл ажиллагаатай танилцаж, мөн Баянтээг багийн ИНХ-д оролцон иргэдэд мэдээлэл өглөө.
Баянтээг уурхайн хөрс хуулалтын ажил техникийн хүчин чадал дутагдалтайн улмаас 40 гаруй хоногийн хоцрогдолттой байна. Тус уурхайн хөрс хуулалтад ашиглаж байгаа техник нь 46 жилийн настай ЭКГ 5А экскаватар бөгөөд бусад техник төхөөрөмжүүд ч олон жил ашиглагдсан, эвдрэл ихтэй, сэлбэг нь олдохоо байсныг уурхайнхан хэлж, техник хэрэгслийг сайжруулах, ажилчдын цалинг нэмж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг тавив.
Нүүрсний орд илэрсэнтэй холбогдуулан аймагт тодорхой саналууд ирж байгаа бөгөөд аймаг, орон нутгийнхаа хөгжлийг хурдасгах, ард иргэдийнхаа амьдралыг дэмжихэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлнэ гэдгээ аймгийн Засаг дарга мэдэгдлээ.