ӨВӨРХАНГАЙ: “Торгоны зам - Хархорум” фестивалийг хувийн хэвшил бие даан зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-28 18:58:12

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Торгоны зам - Хархорум” соёл, аялал жуулчлалын фестивалийг энэ жил хувийн хэвшлийн байгууллага бие даан зохион байгуулна.


Өмнөх жилүүдэд аймгийн ЗДТГ, Хархорин сумын ЗДТГ, Аялал жуулчлал, соёлын байгууллагууд хамтран зохион байгуулж байсан бол энэ удаа хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалтыг зарлаж, “Comford dreamland” ХХК шалгарчээ.


Тухайн аж ахуйн нэгжээс аймгийн удирдлагууд, ажлын багтай уулзаж, гэрээний төсөлд санал солилцон хамтран ажиллах гэрээ байгууллаа. Торгоны зам-Хархорум” соёл, аялал жуулчлалын фестивалийг 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.



“Торгоны зам” нь Ази, Европ хоёр тивийг холбосон худалдаа, соёлын гол бүс нутгийн замын сүлжээг илэрхийлнэ. Монголын Эзэнт гүрний үед нийслэл Хархорум хот нь өрнө, дорно, өмнө, умард зүгийг холбосон худалдаа, эдийн засаг, соёл хоорондын харилцан нэвтрэлцэх дэлхийн гүүр, худалдаачдын дамжин өнгөрдөг гол суваг нь болж байв.


Тийм учир гарцаагүй Торгоны замын хотуудын нэг хэмээн судлаачид үздэг. Энэ хүрээнд “Торгоны зам”-ын түүхэн улбааг нэхэн тодотгож, Их Эзэн Чингис хааны зарлигаар алтан ургийн хаадын байгуулсан Эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу хийдийн үнэт өв, нүүдэлчдийн түүх, зан заншил, өв соёлыг сурталчлах зорилго дор Торгоны зам - Хархорум” фестивалийг 2017 оноос эхлэн Хархорин суманд гурван удаа зохион байгуулсан билээ.



Тус үйл ажиллагааг энэ онд үргэлжлүүлэхээр хувийн хэвшилд хэд хэдэн шаардлагыг тавиад байна. Тодруулбал, аялал жуулчлалын чиглэлээр түүнтэй дүйцэхүйц үйл ажиллагаа зохион байгуулж байсан түүхтэй, хангалттай хүний нөөцтэй, цаашид орон нутгийн онцлог эвент болгон тасралтгүй таван жил зохион байгуулах чадамжтай, санхүүгийн боломжтой байхын зэрэгцээ аймаг, орон нутгийн төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай юм.

相关新闻