ӨВӨРХАНГАЙ: "Ногоон хэрэм" төслийг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд бодлого, зохицуулалт хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хэрэгжилтийн хугацаа дуусахад нэг жил үлдлээ. Одоогоор төслийн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Цаашид Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бий болгосон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн авч явах, санхүүгийн хувьд бие даах шаардлага үүснэ.
Цөлжилтийг сааруулах, шар шороон шуурга, элсний нүүдлээс байгаль орчныг хамгаалах, Өвөрхангай аймгийн говь, тал хээрийн бүсийг тарьц, суулгацаар хангах зорилгоор 2022 онд “Ногоон хэрэм” төслийн III шатны ажлыг Арвайхээр суманд эхлүүлсэн юм.
Энэ хугацаанд төслөөс 15 га талбайд Мод үржүүлгийн газар байгуулж, хамгаалалтын зурвас, үржүүлэг, бойжуулалтын шат дараатай үйл ажиллагааг явуулж байна. Гурван жил гаруйн хугацаанд 16 төрлийн 800 мянга орчим мод бут үрслүүлж тарьснаас 200 мянгаад суулгацыг бойжуулах талбайд шилжүүлж, 20 мянга орчмыг зах зээлд нийлүүлжээ.
Энэ жилийн хувьд 5.9 га талбайд хөрс боловсруулснаас 1.2 га талбайд хөрсний хучилт хийж, 50 мянга гаруй улиас, 34 мянган бургас, 25 мянган сухайг мөчрөөр ургуулж байна. Мөн нарс, шинэс, жодоо, хуш, монос, гүйлс, агч зэрэг модыг хүлэмжид үрслүүлж байна.
Мод үржүүлгийн газрыг байгуулахдаа 5
м/секундын хүчин чадалтай гүнийн худаг, 50 тоннын ус нөөцлөх сав, зоорь,
агуулах, цахилгаан, эрчим хүчийг цогцоор нь шийдэж, иргэд, байгууллагыг арга зүйгээр
хангах, экологийн боловсрол олгох, чадавхжуулахад чиглэсэн Сургалт, мэдээллийн
төвийг байгуулсан юм.
Ингэхдээ сэргээгдэх эрчим хүч буюу нарны энергиэр халдаг, байгальд ээлтэй, эрчим хүчний өндөр хэмнэлттэй эко барилгыг ашиглалтад оруулсан нь орон нутгийн хэмжээнд жишиг болж байна.
“Ногоон хэрэм” төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхэд орон нутгаас оролцоо сайтай байж, газрыг олгох, тог цахилгаан холбох зэрэг зарим шаардлагатай асуудлыг цаг тухайд шийдэж өгснөөр өнөөдрийн түвшинд хүрч чадсан” гэдгийг төслийн ахлах менежер Ч.Одсүрэн хэллээ.
Гэвч хэд хэдэн асуудал тулгамдаж байгаа аж. Тухайлбал, модны тарьц суулгацыг зах зээлд нийлүүлэх боломж хомс байна. Орон нутгийн бодлого тодорхойгүй, төлөвлөлт, зохион байгуулалт байхгүй, ажлын уялдаа холбоогүй, санхүүжилтээ төлөвлөөгүй зэрэг нь тарьц суулгацын борлуулалтад сөргөөр нөлөөлж, ихэнх суулгацаа зооринд хадгалж байна.
Одоогоор тус бүр 10 мянга орчим бургас, улиас, 160 мянгаад хайлаасны суулгацыг ойжуулалт, ногоон байгууламжид гаргахад бэлэн байгаа гэнэ. Түүнчлэн ажиллах хүч, техникийн дутагдал байгааг хэлж байв.
Төсөл хэрэгжиж дууссаны дараа “Арвай”
мод үржүүлгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, өөрсдийн
үйлдвэрлэсэн тарьц суулгацаар аймгаа төдийгүй бүс нутгаа ханган өөрийгөө
санхүүжүүлэхэд одооноос анхаарч байна.
Үүний тулд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг, оролцоо хэрэгтэй байгаа юм.