Орхон аймгийн соёл, урлагийн байгууллагууд 470 гаруй удаагийн тоглолт зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЖил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногт “Соёл, урлагийн ажилтны өдөр” тохиодог. Үүний хүрээнд Орхон аймгийн соёлын байгууллагууд “Баярын хурал” хийж шилдэг ажилтнуудаа шагнаж урамшууллаа.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Ардын авьяастан” цол, тэмдгээр Уртын дууны нийгэмлэгийн дуучин Д.Пүрэврагчаа, Ж.Ичинхорлоо, БСШУСЯ-ны жуух бичгээр 3, АИТХ-ын Иргэний төлөө медаль болон жуух бичгээр 5 хүнийг шагнасан юм. Мөн Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин МУСТА н.Түвшинжаргал Орхон аймгийн “Хүндэт тэмдэг” –ээр энгэрээ мялаалаа. Орхон аймагт “Соёлын төв” –ийн дөрөв, Хүүхэд залуучуудын театр, Эрдэнэт дуу бүжгийн чуулга, Номын төв, Музей зэрэг соёлын байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнд 400 гаруй уран бүтээлч ажилладаг юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Орхон аймгийн соёл, урлагийн байгууллагууд 473 удаагийн тоглолт 983 удаагийн соёлын арга хэмжээ зохион байгуулжээ. Ингэснээр аймгийн соёл, урлагийн салбар нийтдээ бүрэн хэмжээний 88 уран бүтээлтэй болсон байна.
Б.Оюун-Эрдэнэ