Я.Содбаатар: Ногоон, цахим, органик худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан чуулга уулзалт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалт “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо болж, өнөөдөр хаалтаа хийлээ.
Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын хаалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ,
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчид аа,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д оролцож буй Та бүхэнд энэ оройн мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” нь “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэхүү чуулганыг хамтран зохион байгуулж буй Олон улсын худалдааны төв болон энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч Та бүхэнд талархал илэрхийлье.
Энэхүү нэр хүндтэй чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудад бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийн талаар хэлэлцлээ.
Дэлхийн нийт цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, бараа үйлчилгээний үнийн өсөлт, хүнсний хомсдол, эрчим хүчний хямрал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэрэг олон сорилт бэрхшээлтэй нүүр тулсан цаг үед энэ чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа нь Та бид хамтдаа дээрх бэрхшээлүүдийг даван туулах, худалдаа, эдийн засгийн харилцааг харилцан ашигтай өргөжүүлэн хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудаа ханган хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэдэгт итгэлтэй байна.
Хүндэт зочид, төлөөлөгчид өө
Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл, боломж нөхцлийн талаар яриа хэлэлцээ өрнүүлж, бүс нутгийн худалдааг идэвхжүүлэх, нийлүүлэлт, өртгийн сүлжээг дэмжих, үүнд бичил, жижиг дунд үйлдвэрлэгчдийг татан оролцуулах, зээл, санхүүжилтийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж, тодорхой санал зөвлөмж боловсрууллаа.
Энэ хүрээнд улс орнуудын худалдаа, эдийн засгийн харилцааг илүү ногоон, органик, цахим байдлаар төрөлжүүлэх, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ шинэ боломж нээж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж, тэгш боломж олгож залуучууд, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих шаардлагатайг оролцогчид хөндөн ярилцлаа.
Мөн худалдаа, хөрөнгө оруулалтыг ногоон, цахим, органик байдлаар төрөлжүүлэх, тэр дундаа бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн уялдаа холбоог сайжруулах тусгайлсан уулзалтуудыг зохион байгуулж, аж ауйн нэгж хооронд урьдчилсан байдлаар 4.5 сая ам.долларын үнийн дүн бүхий хамтын ажиллагаа өрнөж, 15-20 орчим аж ауйн нэгжүүд цаашид хамтран ажиллахаар тохиролцоод байгаа нь энэ чуулга уулзалтын бодит нэг үр дүн боллоо гэж харж байна.
Түүнчлэн мэдээлэл, технологийн хувьсал түүн дотроо хиймэл оюун ухаан бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, хэрхэн санхүүжүүлтийг шийдвэрлэх зэрэг чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцсон нь энэхүү чуулга уулзалтын үр өгөөж, ач холбогдлыг нэмэгдүүллээ гэж үзэж байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Энэ удаагийн чуулга уулзалтаар дэлхийн өнцөг булан бүрээс оролцож буй залуу бизнес эрхлэгчид маань өөрсдийн ногоон гарааны бизнесээ танилцуулан өрсөлдөж, “Экопренер, байгаль орчны нөхөн сэргээлтийн шагналын эздийг” шалгаруулсан нь ирээдүйн ажил олгогчид-залуу бизнес эрхлэгчдийг дэмжсэн үр дүнтэй арга хэмжээ болсоныг онцлон тэмдэглэж байна.
Мөн энэ чуулга уулзалтын үеэр Олон улсын худалдааны төвөөс “Эмэгтэйчүүдийн худалдааг дэмжих төв”-өө Монгол Улсад албан ёсоор нээсэн бөгөөд Олон улсын худалдааны төв болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд талархал илэрхийлье.
Энэхүү “Эмэгтэйчүүдийн худалдааг дэмжих төв” нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эцэст нь тэмдэглэхэд энэхүү нэр хүндтэй олон улсын чуулга уулзалт Та бидний харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, яриа хэлэлцэл, нэгдсэн зөвшилцөл нь дэлхий нийтийн ногоон, хүртээмжтэй, тогтвортой хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн энэхүү чуулга уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг төр, хувийн хэвшил хамтдаа боловсруулж буй “Үндэсний экспортын стратеги”-д тусгах бөгөөд энэхүү стратеги нь Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна.
Ийнхүү 20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” албан ёсоор хаасныг мэдэгдье. Нийт оролцогч, зохион байгуулагч нартаа дахин талархал илэрхийлж, Та бүхнийг Гала хүлээн авалтад урьж байна.
Мөн маргааш болох Монгол бэсрэг наадам, монгол ахуйтай танилцах аялалд оролцохыг урьж байна.
Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсад минь тухлан саатахыг хүсье гэлээ.