ГОВЬ-АЛТАЙ: Боловсролын салбар улсдаа нэгдүгээрт эрэмбэлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-21 10:14:46

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн боловсролын салбар 21 аймаг, 9 дүүргээс нэгдүгээрт эрэмбэлэгджээ.


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоол, ЗГХЭГ-ын даргын 2017 оны 302 дугаар тушаалын баримт бичгүүдэд үндэслэн 2022 оны 11 дүгээр сараас эхлэн ЗГХЭГ болон МАСАМ-II төслийн багийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн “Төрийн бодлого, үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа-2022” судалгааг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамруулан үр дүнг тооцон үнэлгээг эрэмбэлсэн байна.


Судалгааны боловсролын салбарын үйлчилгээнд Говь-Алтай, Дундговь, Хэнтий аймгууд бусад аймагтай харьцуулахад илүү өндөр сэтгэл ханамжтай байгаа шалтгааныг нь салбарын удирдлага, зохион байгуулалт, орон нутгууд дахь боловсон хүчний үнэлэмж, сургалтын чанар сайжирсан хэмээн дүгнэжээ. Ялангуяа Говь-Алтай аймгийн хувьд ЭЕШ-ын үзүүлэлтээр аймаг орон нутаг өмнөх үзүүлэлтээсээ эрс дээшилсэн, сургалтын чанар сайжирсан байдлыг үндэслэн сэтгэл ханамжийн судалгааг гаргажээ.



Мөн судалгаагаар эрүүл мэндийн салбар гуравдугаарт, хууль эрхзүйн салбар дөрөвдүгээрт, татвар гааль салбар гуравдугаарт, батлан хамгаалахын салбар тавдугаарт, хөдөө аж ахуйн салбар наймдугаарт, засаглалын чиг үүрэг есдүгээрт тус тус эрэмбэлэгдсэн тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.


Говь-Алтай аймаг нь ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарьсан, дулааны болон цэвэр бохир усны шугам сайжруулсан, боловсролын байгууллагын хүртээмж, үйл ажиллагаа сайжирсан нь хамгийн үр дүнтэй гүйцэтгэсэн ажлаар үнэлэгдсэн байна. Харин 2023 онд зам талбайг засаж сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг шинэчлэх, хог хаягдлыг бууруулах чиглэлээр ажиллахаар зорьж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

相关新闻