ХӨВСГӨЛ: “50:100” аялал жуулчлалын цогцолбороор зочлоорой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Алаг-Эрдэнэ /МОНЦАМЭ/. Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг зорьж буй аялагч иргэд дэлхийн уртраг, өргөргийн 4 огтлолцлын цорын ганц цэг “50:100” аялал жуулчлалын цогцолбороор зочлох боломжтой юм.
Тус цогцолбор Хатгал орох замд Мөрөн сумаас 45 километрт байрладаг бөгөөд орон нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгуулж аялагчид зургаа авхуулах тохилог орчин бүрдүүлснээрээ онцлог.
Дэлхийд уртраг, өргөргийн 4 огтлолцлын цэг байдаг. Энэтхэгийн далай, Номхон далай гэсэн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг. Энэ нь хүн очиж үзэх боломжтой цорын ганц огтлолцлын цэг учраас Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадаад, дотоодын зочид, жуулчид сонирхон үзэж, тухлан саатах боломжтой юм.