БАЯН-ӨЛГИЙ: Хаягдал яснаас бордоо, ясны гурил үйлдвэрлэдэг төхөөрөмж бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Х.Хумарбек гарын доорх материалаар хаягдал яснаас бордоо, ясны гурил үйлдвэрлэдэг төхөөрөмж зохион бүтээжээ.
Түүний хувьд төмөр, модоор хутга, бүс, морины хэрэгсэл, сав суулга, бэлэг дурсгал зэрэг янз бүрийн эд зүйл хийдэг уран гартай нэгэн аж.
Энэ удаад Зөвлөлтийн үеийн цахилгаан генератор болон Howo, Mersedess Benz зэрэг ачааны машинуудын эд анги, хаягдал төмөр ашиглан яс бутлагч, буталсан ясыг нунтаглан гаргадаг тээрэм зохион бүтээсэн байна. Түүний зохион бүтээсэн төхөөрөмж нь цагт 500 кг, хоногт 2-3 тонн бордоо, эсвэл ясны гурил үйлдвэрлэн гаргадаг хүчин чадалтай. Бүтээсэн төхөөрөмжөө байгаль орчныг хаягдал яснаас цэвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг “Ооч ёл” шувууны нэрээр буюу казах хэлээр "Хумай" хэмээн нэрлэсэн байна.
Хаягдал ясыг нунтаглан үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг мод, төмс, хүнсний ногооны бордоо болгон ашиглахад өндөр үр дүн үзүүлжээ. Мөн хаврын улиралд тамир тэнхээ муудаж, хэвтэрт орсон малд тэжээлтэй хольж 5-7 хоног өгөхөд хөл дээрээ босож байгаа гэдгийг тэрбээр хэлж байлаа. Учир нь яс фосфор, кальци, амин хүчил зэрэг эрдэс бодисоор нэн баялаг аж.
Иргэн Х.Хумарбек цаашид төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлэн илүү
боловсронгуй болгох, хаягдал ясанд төрөл бүрийн тэжээлийн ургамал нэмж
тээрэмдэн малын хүчит тэжээл, хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэглэдэг хүнсний
нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрмэлзэлтэй ба энэ чиглэлээр иргэд, аж
ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн гэдгийг тэрбээр онцоллоо.