ДЗОУБ-ын Булган аймаг дахь салбарын хаалтын үйл ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-12 14:41:41

Дэлхийн Зөн Олон улсын байгууллага Булган аймагт "Булган орон нутгийн хөгжлийн хөтөлбөр", "Булган хангай нутгийн хөгжлийн хөтөлбөр"  зэрэг томоохон хөтөлбөрүүдийг 2001 оноос эхлэн хэрэгжүүлсээр ирсэн. Тэгвэл энэ намар тэдний Булган аймагт ажиллах хугацаа дуусч байгаа бөгөөд хаалтын ажиллагаагаа хийлээ.

Энэ үеэр Булган аймгийн нутгийн удирдлагууд, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн хамт олон, Хүүхдийн оролцооны удирдах зөвлөлийн сурагчид, мөн Дэлхийн Зөн Монгол ОУБ-д үйл ажиллагааны захирлаар 2011 оноос одоог болтол өндөр үр бүтээлтэй ажиллаж, орон нутаг, гэр бүлээр дамжуулан Монголын хүүхэд багачуудын сайн сайхны төлөөх үйлсэд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа хатагтай Дорана Жавиэр оролцлоо.

Хүүхэд, гэр бүл, орон нутгийн хөгжилд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, их хэмжээний санхүүжилтийг эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Булган орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер М. Гэрэлмаа, Булган хангай нутгийн хөгжлийн хөтөлбөрийн  менежер Б.Ганцэцэг, хөтөлбөрийн зохицуулагч У.Мөнхчимэг, орон нутгийн ажилтан Л.Оюундарь, Л.Цэлхаасүрэн нарыг "Хүүхдийн төлөө сайн үйлс" медалиар шагналаа. Нэг жилийн хугацаанд буюу 2016 - 2017 онд "Булган орон нутгийн хөгжлийн хөтөлбөр" нь үргэлжилнэ.

                        П.Батням

相关新闻