“Хоршоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн хаалтын ажиллагаа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРТогтвортой газар тариалангийн загвараар хөдөөгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд “Хоршоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” төсөл 2013 оноос Баянхонгор аймагт хэрэгжиж эхэлжээ. Тус төслийн хэрэгжилтийг дүгнэх хаалтын ажиллагаа Баянхонгор хотын Баганат талбайд боллоо.
Тус арга хэмжээнд АДРА Монгол ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Бриттон, техникийн зөвлөх Н.Уранчимэг, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нар оролцсон байна. Хаалтын ажиллагааны үеэр тус төслөөс гарсан анхан шатны хоршоод, Баянхан хишиг дундын хоршооны болон ХАМТ нэрийн бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа, сугалаат худалдаа болжээ. Мөн орон нутагт тарьж ургуулсан төрөл бүрийн хүнсний ногооны худалдаа болон хүнсний ногоогоор хийх хоолны сургалтуудыг зохион байгуулсан байна.
Төслөөр дамжуулан хоршоодын бизнесийн ур чадварыг нэмэгдүүлсэний үр дүнд “Хамт” нэртэй даршилсан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, анхан шатны 7 хоршооны 140 иргэний өрхийн амьжиргааг дээшлүүлж, газар тариалан, эдийн засгийн мэдлэг олгож, ажлын байрыг нэмэгдүүлжээ. Тухайлбал, улирагч онд явуулсан хэрэглэгчдийн судалгааны дүнгээс харахад Баянхонгор аймгийн нийт хэрэглэгчийн 49 хувь, аймгийн төвийн 80 хувь нь “ХАМТ” нэрийн бүтээгдэхүүнийг мэддэг, хэрэглэдэг болсон байна.
Б.Мөнхзул