ХОВД: Ховдын шатарчдын түүхийг ном болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт 2023 оны Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн болохтой холбогдуулан "Ховдын шатарчид" сэдэвт номыг Ховд аймгийн Шатрын холбооноос эмхлэн гаргахаар болжээ. Уг номд Ховд аймгийн гаралтай шатрын спортын мастерууд болон тус аймгийн аварга шатарчдын танилцуулга, амжилт ололт, 1967 оноос хойш шатрын спорт хэрхэн хөгжсөн тухай түүхийг тусгах юм.
Одоогоор мэргэжилтнүүд Ховд
аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа шатрын клуб, багш дасгалжуулагч, үе
үеийн шатрын холбооны удирдлага, шилдэг шатарчдын тухай баримт материалыг
хүлээн авч, холбогдох мэдээллийг цуглуулж байна.
Улсын аварга шалгаруулах Шатрын
тэмцээний үндсэн үйл ажиллагаа 2023 оны 5 дугаар сарын 19-30-нд Ховд аймагт
болно. Шатар бол оюуны спорт. Уг спортын
төрлийг сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг
хөгжүүлэхэд дээрх тэмцээний зорилго чиглэж буй.
Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн
Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь
удаагийн шигшээ тэмцээний шилдэг оролцогчид болон шүүгчид өнөөдөр Монголын
үндэсний олимпын хорооны байрнаас Ховд
аймгийг зорин хөдөллөө.
Ховд аймагт тэмцээний бэлтгэл
ажил үргэлжилж байна.