ДОРНОГОВЬ: Хүүхдийн чуулган эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-11 10:53:06

Сайншанд /МОНЦАМЭ/. Сайншанд хотын ЗДТГ-аас "Хүүхдэд ээлтэй Дорноговь" дэд хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхний эрх хамгаалал, хөгжил оролцоог хангах, тэднээс гарсан санал, санаачилга, тулгамдсан асуудлыг нутгийн захиргааны байгууллагын бодлого шийдвэрт тусгах зорилгоор Сайншанд хотын хүүхдийн чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын /ГБХЗХГ/-ын дарга Ш.Алимаа болон ерөнхий боловсролын зургаан сургуулийн 80 сурагч, нийгмийн ажилтнууд оролцож буй.

Чуулганаар үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны сэтгэл зүй, хүүхдийн оролцоог дэмжих, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Ташрамд дурдахад, Сайншанд сумын ЗДТГ-аас 2023 оныг “Иргэдэд ээлтэй эрүүл хот” болгон зарлаж, иргэд амьдран суугаа нутаг орондоо эрүүл аюулгүй аж төрөх боломжийг буй болгохын төлөө ажиллаж байгаа аж.

相关新闻