ДОРНОГОВЬ: Ангиараа ном уншиж мэдлэгээ тэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-14 11:13:33

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Төв номын санд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, хувь хүн, албан байгууллагуудын ажилтан алба хаагчид, өндөр настнууд байнга ирж ном уншдаг.


Энэ удаа Сайншанд сумын ерөнхий боловсролын VI сургуулийн Б.Дашдулам багштай 3в ангийн сурагчид ирж ном уншиж байхтай таарлаа.


Сурагчид говийн V дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн зохиол бүтээл болон хүүхдэд зориулсан бусад номоос уншиж цагийг үр дүнтэй өнгөрөөж байна.


Тэдний ангийн А.Нандин-Эрдэнэ аймгийн Номын сангаас зарласан богино өгүүллэгийн наадамд “Сүүлчийн дугаар” өгүүллэг уншиж уран уншигчаар тодорчээ. 


Өнгөрсөн онд тус номын сан 1150 уншигч, 21350 иргэнд 22060 ном олгож, соёл олон нийтийн 285 ажил зохиож, 9876 хүүхдийг хамруулсан байна.


Номын сан мэргэжлийн таван номын санч, захиргаа үйлчилгээний ажилтнууд гээд нийт 14 орон тоотой ажиллаж байгаа юм. 

相关新闻