Ө.Цэрэнчунт: Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-08 14:34:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван орны дуурийн дуучид болон Японы балетчины оролцсон “Дэлхийн сонгодог Монголд” тоглолт УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 9-нд болно. Энэхүү тоглолтын талаар уран бүтээлчид сэтгүүлчдэд мэдээллээ.

 

Тоглолтод ОХУ-ын Красноярск хотын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин Александр Геннадьевич Михалев, БНХАУ-ын Шаньси мужийн дуурийн дуучин Жан Лэй нар сонгодог уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэхээс гадна Япон улсын балетчин Саки Токишима бүжиглэх юм. Тоглолтын найруулагчаар С.Баттулга ажиллах бол төгөлдөр хуурч Ү.Уртнасан, УДБЭТ-ын Симфони найрал хөгжим, удирдаач Т.Юндэн нар оролцоно.

 

Хэвлэлийн хурлын үеэр тоглолтыг санаачлагч, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтаас дараах асуултад хариулт авав.


-“Дэлхийн сонгодог Монголд” тоглолтыг яагаад зохион байгуулах болов?

-Монгол Улсад Дуурийн театр үүсэж хөгжсөний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Бид соёлт хүн төрөлхтөнтэй соёл урлагийн хувьд ижилсэж эхлээд 60 жил болжээ. Энэ хугацаанд гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлэв, монгол дуучид гадаадад, гадаад хүмүүс Монголд дэлхийн сонгодог бүтээлүүдийг хэрхэн харуулсныг үзүүлэхийн тулд “Дэлхийн сонгодог Монголд” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Би гоцлол дуучин юм чинь зөвхөн дуулна гэхгүйгээр Монгол Улсаа, соёл урлагаа хөгжүүлье хэмээн шинэ санаачилга гаргахыг хүссэн. Хоёр, гурван жилийн өмнөөс санаачилсан энэхүү санаачилга маань олон хүний оролцоотой ийнхүү биелж байна. Дуурийн театрынхаа 60 жилийн ойд зориулан гадаадын залуу уран бүтээлчдийг авчран хамтарсан тоглолт толилуулах гэж байгаадаа баяртай байна. Манай монголчууд гадагш явж сонгодог урлагийн тоглолт үзнэ гэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй шүү дээ. Тиймээс гадны уран бүтээлчдийг эх орондоо авчран, манай улс стандарт хангасан ийм том театртай, нөгөө талаас үзэгчдэдээ дэлхийн сонгодог урлагийн залуус ямар түвшинд явж байгааг ойроос үзүүлэх зорилгоор энэхүү тоглолтоо хийж байна.

 

-УДБЭТ-ын төсөв гаднаас уран бүтээлчдийг авчрахад хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэв?

-Миний хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө гэвэл би баян хүн. Учир нь надад олон найз нөхөд бий, тэд маань тусалж байна. 

Бид дэлхийн хүн төрөлхтөний соёлын хурдтай зэрэгцэх ёстой, хоцорч болохгүй. Заавал мөнгөөр биш, аль болох хөгжих хүслээрээ нэгдэн энэхүү тоглолтыг хийж байна. Тоон санхүү мэдээж гарна. Тасалбарыг тодорхой хэмжээгээр худалдан авч тусалж буй хүмүүс байна. Тоглолтыг Монголд толилуулахад "Топ донж", "Хүннү эйр", Монголын балетын хөгжлийн сан гэхчлэн байгууллагууд дэмжин ажиллаж байна.

 

-Залуу уран бүтээлчийн хувьд цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Дуурийн театрын хөгжлийг гоё байшин, том улс төрч хөгжүүлдэггүй болов уу гэж боддог. Шинийг, сайныг хийх гэж буй уран бүтээлчид л бий болгодог. Энэхүү төслийг ингэж хэрэгжүүллээ гэдэг нь Дуурийн театрын хөгжил энэ зиндаанд явж байгааг харуулах хариулт болно. Ирээдүйд том хэмжээний, олон улсын, монголчууд дэлхийд танигдах, дэлхийгээс Монгол руу хүсэж ирж уралдах уралдаан зохион байгуулна. Ирэх 12 дугаар сард олон улсын, хамгийн том хэмжээний дуурийн дуулаачдын уралдааныг зарлана. Яагаад гэвэл, манай монгол дуучид дэлхийг байлдан дагуулж байна. Тухайлбал, Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Ч.Бадрал, Э.Анхбаяр гээд дуурийн дуучдыг дэлхий мэдэж байгаа учраас хаанаас энэхүү дуучид, бүтээл гаралтай юм гэдгийг харуулна. Б.Шарав, Н.Жанцанноров нарын бүтээлийг дэлхий сонирхож байна. Сонгодог урлаг бол дэлхийн соёл юм. Дэлхийн соёлт хүн төрөлхтөн сонгодог урлаг гэсэн нэг хэлээр ярьдаг. Тиймээс дэлхийн нэгдсэн хэл сонгодог урлагийг Монголдоо хөгжүүлмээр байна. Энэ удаагийн тоглолтод дэлхийн дөрвөн орны уран бүтээлчид оролцож буйгаараа онцлогтой. 


相关新闻