ОРХОН: Өрхийн бичил бизнес эрхлэгчдэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-05 12:08:56
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Өрхийн үйлдвэрлэл сайн хөгжсөн улс оронд ажилгүйдэл, ядуурал бага байдаг. Иймд Орхон аймаг өрх бүрийг үйлдвэрлэгч болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 2016 оноос “Өрхийн тариалалтыг дэмжих”, “Эрдэнэтийнхэн, Эрдэнэтийнхэндээ хайртай”, 2023 оноос “Өрхийн бичил бизнесийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн 2021 оноос эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг баталсан юм.

Эдгээр хөтөлбөртэй уялдуулан аймгийн ЗДТГ, ХХААГ, Орхон аймгийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ хамтран  “Өрхийн аж ахуйг хэрхэн амжилттай эрхлэх тухай” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 200 гаруй хүн оролцлоо.

Өрхийн болон бичил бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг төрөөс олгож байгаа. Үүнд, ЖДҮ-ийг дэмжих сангаас Орхон аймагт 1.5 тэрбум төгрөг хуваарилсан бол аймгийн ЗДТГ-аас “Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан”-гаас бичил бизнес эрхлэгч, иргэдэд 50 хүртэлх сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээл олгож байна.

Мөн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудаар дамжуулан 5-6 хувийн хүүтэйгээр олгодог юм. Энэ мэтчилэн өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан төрөөс хөнгөлөлттэй зээл, бага хүүтэй санхүүжилт олгож байгаа ч иргэд өөрсдөө үйлдвэрлэхийн төлөө, өөрөө өөртөө ажлын байр бэлдэхийн төлөө хичээх хэрэгтэйг сургалтын агуулгаас харагдаж байлаа.

 

相关新闻