ОРХОН: Он гарсаар 250 гаруй гэмт хэрэг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт энэ оны эхний дөрвөн
сарын байдлаар 259 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн хэргийн
49 нь хулгайн, 84 нь хүний эрүүл мэндийн халдашгүй
байдлын эсрэг, 74 нь залилангийн гэмт хэрэг байна.
Сүүлийн үед бусдын цахим хаягийг хакердаж
бусдаас мөнгө залилах тохиолдол нэмэгдэж байгааг Цагдаагийн газрын дарга,
цагдаагийн хурандаа А.Лхагвадорж анхаарууллаа.
Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгжид 504.4
сая төгрөгийн хохирол учирч, хоёр хүн нас барж, 95 хүн бэртсэн байна. Нийт
хохирлын 46.7 хувийг нөхөн төлүүлжээ. Дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдсан
176 хүний 54.5 хувь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна.
Мөн Цагдаагийн газарт эзэн холбогдогч нь тодорхойгүй 111
хэрэг бүртгэлтэй байгаагаас 19 нь орон байрны хулгай байна. Энэ нь ихэвчлэн алслагдсан багт буюу хяналтын камергүй гудамж талбайд үйлдэж
байна.
Цагдаагийн газраас гэмт хэргийн илрүүлэлтийг
нэмэгдүүлэхийн тулд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй хамтран ажиллаж байгаа
ч зарим газарт камер байршуулаагүйгээс хулгайн гэмт хэрэг буурахгүй байгааг
онцоллоо.