Монголд болох Азийн физикийн олимпиадыг угтсан аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн сурагчдын физикийн 23 дугаар олимпиад манай улсад энэ сарын 21-29-нд болох гэж байна. Олон улсын уг олимпиадыг угтан үндэсний хэмжээнд физикийн квант мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх аяныг Монголын Физикийн нийгэмлэг, ШУА-иас орон даяар өрнүүлж, улсын хэмжээнд физикийн шинжлэх ухааныг сурталчлах сургалт хэлэлцүүлгийг физикийн багш, сурагч нар зохион байгуулж байна.
Улаанбаатар хотноо болох Азийн
физикийн 23 дугаар олимпиадад тивийн 20-30 орноос ЕБС-ийн 8 хүртэлх тооны сурагчид ахлагч,
дасгалжуулагч, багш нарын хамт нийт
240 төлөөлөл, 80 гаруй эрдэмтэн профессор оролцох юм.
ШУА-ийн физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу уг олимпиадыг угтсан физикийн сургалтын аяны талаар хэлэхдээ, энэхүү үйл ажиллагаа сурагчдаас гадна эцэг, эхчүүд, энгийн иргэд ч оролцон сонирхох боломжтойг онцоллоо.
Тэрбээр, тивийн олимпиадыг эх орондоо нэг удаа зохион байгуулахаас илүү бид
физикийн шинжлэх ухааныг эх орондоо жилийн хугацаанд сурталчлан таниулна. Энэ
нь сурагч багачуулыг сургаж шинжлэх ухаанд дуртай болгох зэрэг олон талын ач
холбогдолтойг тодотголоо. Монголын физикийн нийгэмлэгээс орон даяар зохион
байгуулж танин мэдэхүйн сургалт, хэлэлцүүлгийн аян Дорнод аймагт үргэлжилж байна.