Ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид: Хүүхдийн зураг авч, гэрэл зурагчны гараагаа эхлүүлсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголд гэрэл зургийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна.
Гэрэл зургийн хальснаа монгол хүнийг буулгасан анхны тохиолдол нь 1845 онтой холбогддог бол манай улсад мэргэжлийн гэрэл зургийн салбар 1935 онд үүссэн гэж үздэг. Монголд фото сэтгүүл зүйг хөгжүүлэхэд 1950-аад оны сүүл үеэс эхлэн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, түүний харьяа Улсын гэрэл зургийн газар онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Төр засгийн шийдвэрээр Улсын гэрэл зургийн газрыг байгуулсан нь мэргэжлийн гэрэл зургийн сэтгүүлчид төрж гарах, үндэсний гэрэл зургийн сэтгүүл зүйг хөгжүүлэх боломжийг нээж өгчээ. МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан ахмад гэрэл зурагчид, лаборантуудын ярилцлагыг цувралаар хүргэж байна. Энэ удаа ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмидтай ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд
танд Монголд гэрэл зургийн албыг үүсэн байгуулсны 90 жилийн ойн мэнд хүргэе?
-Маш их баярлалаа. Энэ ташрамд, гэрэл зургийн салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх хүнд 90 жилийн ойн баяр мэнд хүргэе.
-Та гэрэл
зурагтай хэдэн онд, ямар хувь тохиолоор учрав. Энэ салбарыг сонгосон шалтгаан
юу байсан бэ. Дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Гэрэл зураг сонирхон авч үзсэн үе гэвэл 1962 он. Нэг найз маань Ленинград руу сургуульд яваад ирэхдээ надад "Кристалл" гэдэг нэртэй фото аппарат авчирч өгсөн. Ингээд 1963 онд анхныхаа хүүхдийг төрүүлэхдээ зургийг нь хальсанд буулгаснаар албан ёсоор гэрэл зурагчин болох үүд хаалгаа нээсэн гэхэд болно. Гэрэл зурагчны гараагаа хүүхдийн зураг авахаас эхлүүлж, өнөөдрийг хүртэл 60 жил аппараттай нөхөрлөж байна. Хүүхдийн зураг авах амар. Муухай болсон гэж голохгүй, яаруулахгүй. Сүүлдээ бүх сэдвээр зураг авдаг боллоо. Өдөр тутмын сонинд ажиллана гэдэг амаргүй. Зав гардаггүй, зай завсаргүй явж зураг авдаг байлаа шүү. Гэрэл зураг гэдэг бол байгаа зүйлийг бодитоор нь үлдээдэг урлаг юм.
Гэрэл зураг түүх болж үлддэг. Гэрэл зурагчин бодит үнэнийг ямар ч нэмэлт хачир, өө сэвгүйгээр үлдээдгээрээ агуу гэж боддог.
-Монголын
гэрэл зургийн салбарт МОНЦАМЭ агентлагийн оруулсан хувь нэмэр асар их. Та энэ
байгууллагатай анх хэрхэн холбогдож байв?
-1968 онд анх лаборантаар орж байсан юм. Би мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй. Зөвхөн өөрийн сонирхлоор л зураг авч байлаа. Намайг сургасан хүмүүс бол надтай цуг ажиллаж байсан Д.Самдан, Д.Нямхүү, Б.Сүхээ тэргүүтэн. Албан ёсоор хадаг барьж шавь болоогүй ч тэдний хийж байгааг харсаар зурагчин болсон түүхтэй. Авсан зургаа хэрхэн угаах, яаж буулгах, өлгөж хатаах зэрэгт суралцаж байв.
Мэдээнд яваад өөрөө зургаа авах хамгийн хэцүү. Зургаа аваад, угаагаад, өлгүүрт хатаах хооронд мэдээгээ бичнэ. Ингээд даргад очиж үзүүлнэ. Жижигхэн өө гарах юм бол дарга тамга дарахгүй. Тамга дараагүй л бол хэвлэх үйлдвэр хүлээж авахгүй. Ийм л цаг үед ажиллаж байсан даа.
Өдөр, шөнөгүй үр хүүхдээ мартаад ажилладаг байж билээ. Бүр нэг ажлын хэнхэгтэй.
Сарын төлөвлөгөө биелүүлнэ, орон нутгаар томилолтод явахын хажуугаар таван
хүүхэд өсгөх амар байгаагүй. Ээж минь байсан тулдаа би тасралтгүй 30 гаруй жил
МОНЦАМЭ-д ажиллаад тэтгэвэртээ гарсан даа. Би чинь V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч. Миний хамгийн дээд
шагнал энэ гэж боддог. Төлөвлөгөө биелүүлэх, давуулан биелүүлэхээс илүү том
шагнал гэж үгүй.
-1960-аад оны
үеийн гэрэл зургийн хэрэгсэл ба одоо үеийн аппаратыг харьцуулахад тун их
зөрүүтэй байгаа биз?
-Тэнгэр, газар шиг зөрүүтэй юм шүү дээ. Хэлэх юм биш. 36 кадрын зургааг нь улсын архивт өгнө. Тэгэхгүй бол өрөнд орно. Ийм нарийн ажилтай. Гэхдээ энэ бүгдээс шантралгүй биелүүлж, таван жилийн гавшгайч болсон хүн дээ. Одоо бодох нь ээ маш хүнд хөдөлмөр эрхлэж байжээ. Хөдөө явж хөл гараа хөлдөөнө, өндрөөс унаж бэртэнэ, баяртай, баяргүй олон үйл явдалд ухаан мэдрэлгүй гүйж явж дээ. Харин орчин цагийн зургийн аппарат бол ёстой гайхамшиг юм. Бидний үед маш их хөдөлмөрөөр нэг ширхэг зураг бүтэж байсан.
Би өөрөө сонин, сэтгүүлд ажиллаж байхдаа хальсанд буулгасан дүрсээ шууд хардаг болохсон гэж мөрөөддөг байлаа. Харин одоо үед ганц товч дарахад л зураг авч, түүнийгээ ч шууд харах боломжтой болсон.
Бидний үед 36 кадраа тасалж угаана. Тэгэхгүй
бол архивын төлөвлөгөө биелүүлж чадахгүй бол торгуулна, арга хэмжээ авхуулна.
Гэтэл өнөөдөр гэрэл зургийн салбар дижитал хэлбэрт шилжсэнээр нэг обьектыг
хүссэнээрээ дарж байгаад л тэндээсээ сонгож байна. Энэ бол хөгжил.
-Гэрэл зургийн
салбарын хөгжлийг та юу гэж харж байна вэ?
-Би өнөөдөр гэрэл зургийн салбарынхаа залуучуудаар маш их бахархаж байна. Байгаль, ан амьтан, хөрөг гэх мэтээр төрөлжиж, бүр бие даасан салбар хүртэл бий болгожээ. Энэ бол хөгжлийн нэг хэлбэр юм. Бидний үед төрөлжүүлэх боломж огт байгаагүй. Гэтэл өнөөдөр залуучууд ямар гоё зураг авч байна вэ. Тэр мэдрэмж, хараа, сэтгэмж зэрэгтэй ярих юм алга. Гэрэл зургийг жинхэнэ мэргэжлийн түвшинд хөгжүүлж байна шүү дээ.