ОРХОН: Орхон аймагт 20 мянган иргэн шилжин ирэх тооцоолол гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийг хэлэлцэж
байна. Уг хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боловсруулжээ.
“Хамтдаа Эрдэнэт хөгжье” хөтөлбөр нь орон нутгийн онцлог,
түүх, соёлыг сурталчилж орон нутгаа хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж
байгууллагууд үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлэх, эдийн засаг,
нийгмийн харилцааг хөгжүүлэх, мэргэжлийн ажиллах хүчний хомсдолыг багасгах
гэсэн дөрвөн зорилт дэвшүүлж байна.
Хөтөлбөр 2023-2024 оны гуравдугаар сар хүртэл хэрэгжинэ.
Хөтөлбөрийн үр дүнд Орхон аймагт шилжин ирэгсдийн тоо 20 хувиар нэмэгдэж аж
ахуйн нэгжийн тоо өснө. Мөн ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд 20 мянган иргэн буюу
дунджаар 5000 өрх, айл шилжин ирнэ гэж төсөөлж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор
4 сургууль, 8 цэцэрлэг шинээр барихаар 2024 оны улсын төсөвт 4 цэцэрлэг, 2
сургуулийн төслийг өгсөн байна.
Нэмж 5000 өрх шилжин ирлээ гэвэл, ийм хэмжээний орон сууцны
хэрэгцээ гарна. Орхон аймаг 2020-2024
онд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1800 айлын орон сууц
ашиглалтад орж 1000 айлын орон сууцны барилга эхлээд байгаа аж.
Улаанбаатар хот болон бусад хөдөө, орон нутгаас Орхон
аймагт шилжин ирж байгаа тохиолдолд, аж ахуйн нэгжийг эхний 3 жилд татвараас
чөлөөлөх, орон сууцны ипотекийн 3 хувийн зээлд хамруулах боломжийг Засгийн
газраас олгож байгаа юм.
Шилжин ирэх иргэн, өрх айл, аж ахуйн нэгжтэй холбоотойгоор
дунджаар 6500 тээврийн хэрэгсэл нэмэгдэх тул Орхон аймаг зам харилцаа, дэд
бүтэц, орон сууц, ажлын байр, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн олон асуудлыг
шийдэх хэрэгтэй байгаа юм. Иймд улс, орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүгийн эх
үүсвэрээ бүрдүүлж 20 мянган иргэнийг Орхон аймагт ая тухтай ажиллаж, амьдрах
боломжийг хангана. Үүнд дунджаар 343 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.
“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийн төслийг аймгийн Засаг
даргын орлогч А.Түвшинжаргал хуралдаанд танилцууллаа. Хөтөлбөрийг хэлэлцэж байна.