БУЛГАН: “Ахмадаа сонсъё” уулзалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн мал зүйчдийн “Ахмадаа сонсъё” уулзалт, ярилцлага хийлээ.
Уулзалтад аймгийн ахмад мал зүйчдийн төлөөлөл оролцсон бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан аймгийн мал аж ахуйн салбарын түүх, өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын төрийн соёрхолт мал зүйч Г.Алтангэрэл, ахмад мал зүйч Б.Сайнцогт, Б.Батчулуун, Д.Дамдинсүрэн, Ч.Цэдэн-Иш нар мал аж ахуйн салбарын хөгжил, цаашдын хандлагын талаар санал бодлоо илэрхийлэв.
Тус аймгийн мал зүйчид улс орныхоо мал аж ахуйн салбарт томоохон дэвшил гаргаж, үндэсний анхны үхрийн “Сэлэнгэ”, нарийн ноост хонины “Хангай” үүлдрийг бий болгоход оролцсон гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга мэдээлэлдээ онцоллоо. “Сэлэнгэ” үүлдрийн нас гүйцсэн үнээний амьдын жин нутгийн үхрийнхээс 120-140 кг буюу 40-50 хувь илүү байна. “Хангай” үүлдрийн нарийн ноост хонины амьдын жин дунджаар хуц 68-78, эм хонь 58-61 кг, ноосны гарц хуцных 4.2-5.6, эм хониных 2,8-4,1 кг жигд нарийн ноос өгч байна. Сүүлийн жилүүдэд малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, чиглэлээр хойд бүсэд хонин сүрэгт "Дархад” үүлдрийн хуц, ямаанд "Эрчмийн хар” үүлдрийн ухна, үхэр сүрэгт “Сэлэнгэ” үүлдрийн бух, урд бүсэд хонин сүрэгт “Баяд" үүлдрийн хуц, ямаанд “Баяндэлгэрийн улаан” үүлдрийн ухна ашиглаж байна.
Мал аж ахуйн салбарыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрийн төлөв байдлыг сайжруулах, малын чанар үржлийн ажлыг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх, малчдыг соён гэгээрүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх борлуулалтын цэгийг бий болгохзэрэг асуудлыг шийдвэрлэх нь чухал байна гэж уулзалтад оролцогчид үзлээ.