ОРХОН: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөтөлбөр”-ийн танилцуулга зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-26 14:50:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/.Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн танилцуулах сургалт, зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн 50 байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн, тогооч, оёдолчин, барилгачдын холбооны төлөөлөл оролцлоо.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв”-ийн Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэлтсийн дарга Л.Энхтайван хэлэхдээ “Монгол Улс ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхдээ дөрвөн жилийн давтамжтай таван удаагийн буюу нийт 20 жилийн хугацаанд үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд хэдэн арван тэрбумаар нь мөнгө зарцуулсан боловч үр дүн гараагүй. Тиймээс Засгийн газраас санаачлан энэхүү ажлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл”-үүдэд хариуцуулах шийдвэрийг гаргасан. Иймд салбар зөвлөлүүд орон нутгийнхаа онцлогт тохируулан төлөвлөгөө боловсруулан төсвөө батлуулж ажиллах шаардлагатай байна” хэмээн уулзалтын үеэр онцоллоо.

Мөн тэрбээр Орхон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажил, түүний үр дүнг маш сайн хэмээн үнэлж бусад аймагт жишиг болгон танилцуулж байгаагаа онцолсон юм.

Зөвлөгөөнөөс гарсан санал, хүсэлтийг эрэмбэлж  ирэх сарын 12-нд болох Үндэсний чуулганд танилцуулах аж.

相关新闻