“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 11 дэх жилдээ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХүн амын хүнс хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг а бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх зорилгоор ХХААХҮЯ-наас “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 11 дэх жилдээ зохион байгуулах болжээ.
“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатай энэхүү нэгдсэн арга хэмжээг энэ сарын 14-20-нд Мишээл экспо төвд болох юм. Арга хэмжээний хүрээнд өнгөрсөн сарын 20-ноос ирэх сарын 20 хүртэл хугацаанд “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.. Харин энэ сарын 14-20-нд “Эрүүл Монгол хүнс-2016” үзэсгэлэн худалдааг энэ сарын 14-20-нд зохион байгуулна хэмээн ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантогтох мэдээлэв.
Тэрбээр, “Алтан намар” өргөтгөсөн худалдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд 430 цэгт төмс, хүнсний ногоо борлуулж байна. Энэ сарын 16-нд “Эх орны эрүүл сүү”, 17-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал”, “Дэлхийд танигдсан Монгол амт”, 18-нд “Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” өдөрлөгийг зохион байгуулна.
Мөн “Сүү миний амьдралд”, “Ногоон хүнсний ач холбогдол” сурагчдын зохион бичлэг, гар зургийн уралдаан, Сүүн хоолны“Milk show”, навчит ногоо болон төмс, хүнсний ногооны “Cook show”, “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хадгалах технологийн зөвлөмж, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээв.
Ч.Ариунболд