ОРХОН: ОХУ-ын Буриад Улсын Онцгой байдлын газрын дарга А.А Марков Орхон аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. ОХУ-ын Онцгой
Байдлын Яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газрын
дарга, хошууч генерал Александр Александрович Марков, Онцгой Байдлын
Ерөнхий газрын дэд дарга Д.Намсрай нарын албаны хүмүүс өнөөдөр Орхон аймагт ажиллалаа.
Аймгийн Засаг
дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар албаны
хүмүүсийг хүлээн авч уулзан, хилийн бүс нутаг, хоёр орны Онцгой байдлын
хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Манай
хоёр улсын Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа 30 жилийн түүхтэй
бөгөөд энэ хугацаанд үер усны
аюул, ой хээрийн түймэр гээд байгалийн гамшигт үзэгдлүүдэд хүн хүч, техник,
хэрэгслээр харилцан тусалж ирсэн юм. Энэ талаар хошууч, генерал А.А.Марков “2015 онд манай улсад гарсан ой
хээрийн түймэрт Монгол Улсын
ОБЕГ-аас 50 алба хаагч
ирж ажиллаж байсанд бид үргэлж талархаж байдаг” хэмээн онцоллоо.
Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Төв зэрэг
6 аймгийн Онцгой байдлын газрын бүсчилсэн удирдлага нь Орхон аймгийн Онцгой байдлын газар юм. Хангай бүс нутагт улирлын чанартай ой хээрийн
түймэр, үер усны аюул тогтмол гардаг учир шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас
хэрэглэлд хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэхийг аймгийн Засаг
дарга С.Батжаргал хүссэн юм. Тэрбээр,
“Шаардлагатай үе гарахад Онцгой байдлын цагийн нөхцөл байдлын мэдээлэл солилцоо
нэн чухал байдаг. Бид өдөр тутам бүс нутгийнхаа цаг агаарын мэдээллийг танай
талд тогтмол хүргүүлж байгаа. Энэ мэтчилэн цаг үеийн нөхцөл байдлаа харилцан
мэдээлэх үйл ажиллагаа цаашид улам сайжирна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Хошууч,генерал А.А.Марков хоёр
улсын Онцгой байдлын байгууллагуудын шуурхай жижүүрийн үйл ажиллагаагаар
дамжуулан яаралтай мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг эрчимжүүлж, тогтмолжуулах шаардлагатай
байгааг ч хэлж байлаа.
Уулзалтын дараа Онцгой байдлын
Ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь
Ерөнхий газар хоорондын “Онгой байдлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, тэдгээрийн
үр дагаврыг арилгах талаар 2023-2025 онд хамтран ажиллах төлөвлөгөө”-г ОБЕГ-ын
дэд дарга, хурандаа Д.Намсрай, Хошууч,генерал А.А.Марков нар үзэглэлээ.
Уг төлөвлөгөөнд, үер, ой хээрийн түймэр, хүн, мал амьтан, ургамлын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр 11 ажил төлөвлөжээ.