ОРХОН: Хэрэглэлтэй пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 190 тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Хэрэглэлтэй пауэрлифтингийн XVII дахь удаагийн улсын аварга
шалгаруулах тэмцээн өнөөдөр Хангарди спорт ордонд эхэллээ.
Орон нутагт анх удаа зохион байгуулж буй уг тэмцээнд 10 аймаг,
спортын
20 клубийн 190 тамирчин оролцож байгаагаас
Азийн аваргын медальтай
60, дэлхийн аваргын медальтай
20 тамирчин оролцож байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд
УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Чинбүрэн, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг
даргын орлогч, зохион байгуулах ажлын багийн дарга А.Түвшинжаргал, Монголын
Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, “Рио 2016” пара
олимпын хүрэл, “Токио 2020” пара олимпын алтан медальт Монгол Улсын
хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ нар оролцлоо.
XVII дахь
улсын аварга
шалгаруулах тэмцээн олон улсын пауэрлифтингийн тэмцээний /IPF/ дүрмийн
дагуу эрэгтэй- өсвөрийн, залуучууд, насанд хүрэгчид болон мастер
1, 2, 3 ангиллаар, эмэгтэй- өсвөрийн, насанд
хүрэгчдийн, мастер 1 ангилал хэвтээ босоо түлхэлттэй 3 төрлөөр болж
байна. Үүнд, штангтай суулт, цээжнээс шахалт, үндсэн таталт гэсэн өргөлтөөр тус
тус гурван удаагийн оролдлогоор хамгийн хүнд жинг өргөх юм.
Пауэрлифтинг хэрэглэлтэй буюу нэмэлт хувцастай, хэрэглэлгүй буюу классик төрөлтэй гэж хоёр ангилдаг. Нэмэлт хувцас хэрэглэлтэй нь хүнд жингийн даацын штангийг авахын тулд зориулалтын цамц, суултын комбинзон, таталтын комбинзон зэргийг өмсгөж тамирчныг бэртэл гэмтлээс сэргийлдэг.
Сүүлийн жилүүдэд уг
спортоор
хичээллэгсдийн сонирхол нэмэгдэж Монгол Улс олон улсын тэмцээнд чансаа өндөртэй
оролцож байгаа. Тэр дундаа Орхон аймгийн тамирчид Азийн аварга, Дэлхийн аваргаас
олон медаль хүртэхийн зэрэгцээ улсын олон рекордыг эзэмшдэг гэж Монголын
Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга хэллээ.
Орхон аймгийн
пауэрлифтингийн тамирчид 2022 онд тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
нийт 23 медаль хүртсэн ажээ.