БУЛГАН: Том малын хорогдол өмнө зүгийн суманд их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-03 12:25:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ он гарсаар 12,8 мянган толгой том мал хорогдоод байна. Баяннуур, Дашинчилэн, Могод, Орхон суманд малын хорогдол түлхүү гарч 1200-3630 толгой мал хорогджээ. 

            - Аймгийн хэмжээгээр 1072 адуу, 1174 үхэр, 5472 хонь, 5063 ямаа хорогдсон. Мөн хоёр тэмээ хорогдлоо. Хаврын дунд сар гараад хэсэг хугацаанд хүйтэрч, зарим нутгаар цас орлоо. Цаг агаарын нөхцөл байдал хаваржилтад ноцтой нөлөөлсөн зүйлгүй байна. Бэлчээрийн даац, хүрэлцээ муутай өмнөд зүгийн суманд мал сүрэг идэш тэжээлээр дутагдах байдал ажиглагдаж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Бямбацогт ярилаа.

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тэшиг, Сэлэнгээс бусад нутгаар 3.0мм хүртэл зузаан цас орлоо. Баян-Агт, Бүрэгхангай, Рашаант суманд 3,0-5,0, Хангал, Бугат, Орхон, Сайхан, Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Хишиг-Өндөр суманд 1,0-2,0, Хутаг-Өндөр, Булган, Баяннуур суманд 1,0 см хүрэхгүй цастай, Тэшиг, Сэлэнгэд цасгүй байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв. 

相关新闻