Хүүхдийн мөнгийг 60:40 харьцаагаар олгохыг дэмжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-02 15:51:46

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас Хүүхдийн мөнгийг 60:40 харьцаагаар олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, нийт хүүхдүүдийн 60 хувь буюу зорилтот бүлэгт олгох, үлдсэн 40 хувьд нь олгох мөнгийг хуримтлал үүсгэн гурван жилийн дараа өгөхөөр шийдвэрлэжээ.

Мөн архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэх Засгийн газрын саналыг бүлэг дэмжсэн байна. Түүнчлэн хос хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг нэмэхгүй, Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхгүй байхаар тогтлоо  гэж бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.

Тэрбээр, “Улсын төсвөөс болон төсвийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр оруулсан хөрөнгө оруулалтыг дотор нь хэд ангилж үзсэн. Төсөвт өртөг нь нэмэгдсэн объектуудын дахин нэмэгдсэн хөрөнгийг олгохгүй, шинээр нэмэгдсэн зарим объектын санхүүжилтийг төсвийн тодотголоор хасах шийдвэр гаргасан. Харин хүн амын орлогын албан татварын талаар Засгийн газраас оруулж ирсэн төсөл хэвээр үлдсэн. Оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудлыг үндсэндээ 90 тэрбум төгрөгийн тэтгэлгийн сангийн бонд бий болгоод сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох замаар шийдэхээр болсон. Төсвийн ерөнхий тэнцлийг тодорхой төвшинд сайжруулах чиглэл өглөө. Энэ чиглэлээр төсвийн алдагдал тодорхой төвшинд буурна гэж тооцож байгаа” гэв. 

Тус бүлгийн өчигдрийн хаалттай хуралдааны мэдээллийг “Ардын эрх” сонин өнөөдрийн дугаартаа "МАН-ын бүлэг хаалттай хуралдааны хаалганы цаана юу ярив” гэсэн гарчигтай нийтэлсэн. Эл асуудлыг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар хандсан аж.

Б.Туул

相关新闻