Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-15 15:14:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.


УИХ өнгөрөгч нэгдүгээр сарын 20-нд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсныг Ерөнхийлөгч тухайн сарын 26-нд хүлээн авч танилцжээ. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна. УИХ уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан болохыг Я.Содбаатар дарга танилцуулав.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ерөнхийлөгчийн хоригт дурдсан нөхцөлүүдийг хангаад, дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж, байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

相关新闻