Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Ерөнхийлөгч Чан Вон Самтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жил, Монгол Улсад Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 30 жилийн ойн мэнд хүргээд, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.
КОЙКА бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн хөгжлийн түнш байгууллага гэдгийг Ерөнхий сайд онцлоод, тус байгууллагын Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэлээ.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч Чан Вон Сам цаашид хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, ирээдүйд чиглэсэн шинэ санаачилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.