АНУ-ын улсын өр 20 их наяд долларт дөхөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын улсын өрийн нийт хэмжээ түүхэнд анх удаа 19,5 их наяд доллароос давсан тухай пүрэв гарагт тус улсын Сангийн яам мэдэгдлээ. Нарийвчилсан тоог дурдваас, уг өрийн хэмжээ 19 их наяд 510 тэрбум долларт хүрсэн байна.
Энэ мэдээллийг долоо хоног тутмын “Вашингтон экзаминер” сэтгүүлд тайлбарлахдаа, Барак Обама Ерөнхийлөгч болох үед улсын өрийн нийт дүн 10 их наяд 630 тэрбум доллар байсан гэдгийг дурджээ. Өөрөөр хэлбэл, 8 жил хүрэхгүй хугацаанд өрийн хэмжээ 2 дахин өссөн байна. Тус сэтгүүлийн таамаглаж байгаагаар, Обамаг ажлаа өгөх үед дээрх тоо 20 их наядад тун дөхөх бололтой.
Олон улсын валютын сангийн тооцоолсноор, Америкийн өрийн хэмжээ нь тус улсын ДНБ-ний 107,5 хувьтай тэнцэж байна. 1998-2007 онд энэ хэмжээ 60,7 хувьтай байжээ.
Одоогоор АНУ-д “өрийн тааз”-ын тухай хууль үйлчлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, ирэх оны 3 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд тус улсын Засгийн газар үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд шаардлагатай мөнгийг зээлж авч болно гэсэн үг юм. Харин дээрх хууль дахин үйлчилж эхэлснээр эрх баригчид өрийн таазыг нэмэгдүүлэх эсвэл өөр бусад онцгой арга хэмжээ авахаас аргагүйд хүрнэ. Энэ бол шинэ Ерөнхийлөгч болон Конгрессын шинэчлэгдсэн бүрэлдэхүүний эн түрүүнд шийдэх ёстой гол асуудал юм.
Х.Сарнай