Габонд сонгуулийн дүнг эсэргүүцэгчид үймээн дэгдээв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛИБРЕВИЛЬ. /BBC/. Габоны Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч Жан Пинг-ийг дэмжигчид бямба гарагт явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Али Бонго ялсныг зарласны дараа нийслэл хот дахь Үндэсний Ассемблейн байрыг галдан шатаажээ.
Дахин долоон жил төрийн тэргүүний албыг хаших болсон ноён Бонго нь Пингээс 5594 хүний саналаар илүү буюу 49.8 хувийн санал авч ялалт байгуулсан бол Пинг сонгогчдын 48.2 хувийн дэмжлэгийг хүлээжээ.
Пинг-ийн хувьд, сонгууль будлиантай болсон гэж үзэж байгаа юм.
Бонго 1967 онд засгийн эрхийг гартаа авч байсан эцгээсээ 2009 онд засгийн эрхийг өвлөн авсан байна.
Гэрчүүдийн ярьж байгаагаар, Габоны нийслэл Либревиль хот дахь Үндэсний Ассемблейн байранд гал дүрэлзэж байгаа аж. Пинг-ийг дэмжигчдийг хөөн тараахын тулд аюулаас хамгаалах хүчнийхэн нулимс асгаруулагч хий цацжээ. Үймээний үеэр нэр дэвшигч Пинг Сонгуулийн комиссын төв байр руу нэвтрэх гэж оролдсон байна.
Дотоод хэргийн сайд Паком Моубелет-Боубеяа сонгуулийн дүнг зарласны дараа сонгуулийн төв комиссоос ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.
Сөрөг хүчний намыг төлөөлж буй төлөөлөгчид Бонго ялсныг батлах хуудсан дээр гарын үсэг зурахаас татгалзан санал хураах байрнаас гарч явсан гэж “BBC Afrique”-ийн сурвалжлагч мэдээлжээ.
Пинг-ийн хувьд Африкийн Холбооны комиссын даргаар ажиллаж байсан туршлагатай дипломатч юм.
Х.Сарнай