ОРХОН: Г.Мишээл: Хайрын ямар “өртөөн” дээр буух, алгасахаа хүн өөрөө шийддэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Гэгээн хайрын өдрөөр Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театр “Хайрын өртөө” жүжиг тоглох гэж байна. Тус жүжгийн зохиолч, жүжигчин Г.Мишээлтэй ярилцлаа.
Хайрын өртөөгөөр хамтдаа аялцгаая.
-Та хайрыг товчхон үгээр илэрхийлээч гэвэл ?
-Итгэл, найдвар, хайр
гурав уулзахад хамгийн агуу нь ХАЙР байдаг тухай нэгэн өгүүлэлд дурдсан байдаг.
Хайранд бүх зүйл шингэж, уусдаг. Хайранд итгэл бас найдвар оршдог. Тиймээс хайр
бол бүх зүйл юм.
-Хайр бүх зүйл учраас заримдаа бүх зүйлийн буруутан нь болдог уу?
-Магадгүй юм.
-Хайр заримдаа гэмт хэрэг шиг бусдад ойлгогддог. Хэн
нэгэнд дурласныхаа төлөө буруутгагдаг.
-Магадгүй зарим
тохиолдолд тийм байж болох юм. Жүжгийн маань зарим хэсэгт ч тийм агуулга, сэдэл
гарч ирдэг. Хайр бол авахын нэр биш өгөхийн нэр. Өөрт байгаа бүхнээ нөгөө
хүндээ тасдан өгч байгаа учир хайр бол тэр чигтээ өгөхийн үйлдэл.
-Хүн хайрынхаа төлөө тэгвэл ямар өртөөн дээр буух
ёстой вэ? Таны жүжгийн нэр “Хайрын өртөө байх аа?
-Хүн амьдралынхаа
туршид олон замаар явж олон өртөөн дээр бууж, зогсож, хүлээж явдаг. Заримдаа
урагшилж байгаа мэт боловч ухарч байдаг. Заримдаа хамгийн хэцүү өртөөн дээр
буусан мэт боловч тэр нь хамгийн зөв нь байдаг. Заримдаа хог түүж буй хүн зовж
байгаа мэт харагдавч баян хэн нэгнээс илүү жаргалтай байдаг. Тэгэхээр ХАЙР БОЛ ЭНГИЙН зүйл. Энгийн байх
тусмаа жаргалтай байдаг. Ямар өртөөн
дээр буухаа ямар өртөөг алгасахаа хүн та өөрөө л шийднэ.
-“Хайрын өртөө“ жүжгээс бид юуг мэдэх ёстой вэ?
-Үзэл бодлыг
тулгах нь утгагүй. Тиймээс миний өгүүлэх гэсэн санаа гэхээсээ үзэгч таны
мэдрэмж, өөрийнхөөрөө хүлээж авах тэр л сэтгэгдэл чухал. Аливаа уран бүтээл
эмзэглэл, шаналал, эргэлзээ, сэтгэл хөдлөлөөс үүсдэг. Олон гэр бүлд хайр
дурлалын харилцааны асуудал үүсэж байдаг. Зарим нь бие биеэсээ хөндийрч байхад
зарим нь тэмүүлж байдаг. Олон жил хамтдаа амьдарчихаад харилцаанаасаа болж
хөндийрч байгаа гэр бүлүүд бидний эргэн тойронд байна. Тэднийг харахаар надад
гэр бүлтэй байх ийм хэцүү юм уу гэдэг эмзэглэл, айдас төрдөг. Тэгэхээр ХАЙР БОЛ ТЭВЧЭЭР юм. Хосууд бие биедээ хэлэх ёсгүй үгийг хэлэлгүй
нэг удаа тэвчээсэй. Гэр бүлүүд бүтэн, дүүрэн жаргалтай амьдраасай л гэж хүсч
энэ жүжгийг тоголж байгаа юм.
-Тэвчмээргүй байвал яах вэ? Тэвчинэ гэдэг
өөрийгөө хуурахын нэг үзэгдэл шүү дээ. Хүн
эцсийн дүндээ жаргалтай байх ёстой. Тиймээс тэвчмээргүй, бүх зүйлийг орхиод явмаар байвал яах вэ? Энэ
тэгээд хайр юмуу?
-Үр хүүхдийнхээ төлөө, бүтэн амьдралын төлөө олон хүн тэвчиж байгаа. Нэг талаасаа тэвчих ёстой. Яагаад гэвэл, хайр бол хариуцлага учраас тэр. Би хоёр эмэгтэй дүүтэй. Тэдний юу мэдэрч, юу хүсч байгааг би ойлгохыг хичээдэг. Эмэгтэйчүүд асар их тэвчээртэй. Тэд бол маш нандин, эмзэг хүмүүс байдаг. Жүжгийн маань төгсгөлд “Энэ эмэгтэйн хаанаас нь ийм их тэсвэр, тэвчээр ундардаг байна аа. Магадгүй эмэгтэй хүн өвдөж, зовж, шаналснаасаа болж хаашаа ч явахад бэлэн байдаг байх. Гэхдээ энэ хайрыг, энэ амьдралыг бүтэн байлгах гэсэн чин хүсэл нь эрчүүд биднийг уучилж, харин өөрсдийг нь хааш нь ч явуулдаггүй байх” гэж хэлдэг. Эндээс эмэгтэйчүүд л зөвхөн тэсвэр, тэвчээрийг “үүрч” байх ёстой юм шиг ойлгогдож байгаа ч тэд хайрынхаа төлөө өөрийгөө зольж чаддагийг илэрхийлж байгаа юм. Өнөөдрийн амьдралын нийтлэг дүр зураг юм даа.
-Та хайрын тухай зохиол бичлээ. Жүжиг тоглолоо. Хайр
танд яаж ойлгогдож байна вэ?
-Хайр бол энгийн. Хааяа
тэвчишгүй мэт боловч үргэлж тэвчихийг шаарддаг. Бид хөгширдөг ч хайр
“хөгширдөггүй”.
-Зохиол бичихэд судалгаа, ажиглалт, нотолгоо
чухал. Таны зохиолоо бичих арга барилыг
сонирхож байна?
-Би 10 гаруй
зохиол бичсэн. Үүнээс 7,8 нь тайзнаа жүжиг болж тоглогдсон. Зөвхөн Эрдэнэтийн
тайз гэлтгүй өөр аймагт ч тоглосон. Аливаа зохиолыг бичихэд сэдэл, санаа маш
чухал. Бодно, эргэцүүлнэ, судална, нотолно. Заримдаа их гоё үгтэй байх ёстой
бол заримдаа бүр энгийнээс энгийн байх шаардлагатай болдог. Дэлхийн уран
зохиолын сүүлийн үеийн чиг хандлагыг харахад, баримт дээр суурилж байна. Өмнө
нь уран сайхны, төсөөлөл, уран зөгнөл дээр суурилж байсан бол одоо бүх зүйл
баримт, түүхэн, бодит зүйлд тулгуурлаж байна. Энэ чиг хандлага руу уран
бүтээлээ чиглүүлэхийг эрмэлзэж байна. Жишээ нь одоо бичиж байгаа зохиолд тагтааны анатомийг судлахаас
эхлээд олон зүйл байна. “Гэгээн Муза”-д түрүүлсэн “Нохойн хурим” жүжигт л гэхэд
би одон орон судалж эхэлсэн. Энэ мэтчилэн судалгаа их хийнэ.
-Жүжигчид хүссэн дүрдээ хувирч чаддаг болохоор
амьдралын мөн чанарыг бусад хүнийг бодоход эрт таньдаг юм шиг санагддаг.
-Хүмүүс биднийг
яг ингэж төсөөлдөг. Та нар ямар л бол ямар дүрд хувирч чадаж байгаа нь сайхан
байдаг уу ч гэж асуудаг. Хэдий тэр дүрийг бид бүтээж байгаа ч тэр хүн шиг нь
эрэгтэй, эмэгтэй хүн шиг нь дотоод ертөнцийг нь мэдэрч чадахгүй шүү дээ.
Тиймээс амьдралын мөн чанарыг эрт таньдаг гэвэл үгүй байх аа.
Харин уран
бүтээлчийнхээ хувьд яг л баримлын шавар шиг байх ёстой. Ямар ч хэв загварт
баригдаж болохгүй. Зохиол, дүр болгон өөрийн харизмтай байх ёстой.
-Уран бүтээлчид үзэгчдэдээ гологдох нь хамгийн том
“шийтгэл” байх. Тиймээс өөрийгөө хөгжүүлэх, театраа хөгжүүлэхийн тулд юунд анхаарч байна вэ?
-Би юуны өмнө
өөрийн дотоод дуу хоолойгоо сонсох ёстой гэж боддог. Саяхан 10 хоногийн
бясалгалд суусан. Өмнө нь өөртөө цаг гаргаад өөрийгөө сонсоод байна гэж бодож
байсан чинь бясалгалд сууж байхдаа өөрийгөө ямар их хуурч байгаагаа ойлгосон.
Бас үргэлж, яарч тэвдэж явсаар амьдралын сайхан зүйлийг анзаарахаа больсныг
мэдэрсэн. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь өөрийн дотоод дуу хоолойгоо
сонсох, өөрийн үнэнтэй нүүр тулахаас эхэлнэ.
Театрын хөгжлийн
хувьд урын сангийн бодлого гэж байдаг. Тэр бодлогод нийцүүлэн ажиллах ёстой.
Мөн зөвхөн хүүхдүүдэд гэлтгүй насанд хүрэгчдэд ямар уран бүтээл санал болгох вэ
гэж манай хамт олон үргэлж эрэл хайгуул хийдэг. Бид байнгын үзэгчтэй болох,
ирээдүйн үзэгчдээ бэлтгэх, үзэгчдэдээ үнэнийг мэдрүүлэх, үнэнийг гоо сайхнаар, уран
яруугаар, яаж илэрхийлж ойлгуулах вэ гээд олон талаас нь бодож тунгааж, эрж хайж
байдаг.
Тиймээс Зохиол, зохиол, бас дахин зохиол гэдгийн учир энэ.
Театрын амин сүнс бол сайн зохиол юм.
-Ярилцсанд баярлалаа.